Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас эрчим хүчний салбарт үүссэн онц нөхцөл байдал буюу “ДЦС-3”-ын ослын шалтгааныг нэн даруй олж тогтоох, эргэж хэвийн нөхцөл байдалд оруулах шийдвэр гаргаж, хариуцлагын асуудлыг 100 хоногт шийдвэрлэхгүй бол Б.Чойжилсүрэн сайдад хариуцлага ярихаас гадна онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан БЭТ томилох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Тавинбэх сайдын дэргэд АТГ, Тагнуулын эрх бүхий хүмүүсийг байлцуулан хяналт тогтоох үүрэг өгчээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярихдаа “Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ДЦС-3-т онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томиллоо.
Есдүгээр генераторт гарсан ослын эцсийн дүгнэлт гараагүй байна. Тагнуул, цагдаагийн ажлын хэсэг шалгаж байна. Одоогоос гурав хоногийн өмнө буюу цагдаагийн хэлтсээс осол гарсан хэсэгт нэвтрэх зөвшөөрөл өгсний дагуу сайдын томилсон мэргэжлийн ажлын хэсэг ажиллаж байна. Генераторыг ойрын хугацаанд задалж, ослын шалтгааныг тогтооно.
Дулаанаар хангаж байсан зуухны тухайд гайгүй байгаа учраас дулааны улиралд буюу энэ өвөл зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу схемийг солино. Энийг солиход 8.5 тэрбум төгрөг гарах болов уу. Өргөтгөл буюу байшингийн шатсан завсарт долоон тэрбумыг зарцуулна. Байшингаа эхэлж засаад дулаанаа дангаар үйлдвэрлэнэ гэсэн үг. Турба генераторын суурь гэмтээгүй байвал шинэ турбин авчраад засварлах ажлыг эхлүүлнэ. 2025 оны өвөл цахилгаанаар хангаж чадахгүй байхыг үгүйсгэхгүй учраас 40-45 МВт-ын дутагдал үүснэ.
Үүнийг өөр эх үүсвэрээр буюу Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хоёрдугаар блокийн ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хэлцэл хийж байгаа. Сэлэнгийн төвд баригдаж байгаа 70 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний блокийг ашиглалтад авах зорилго тавилаа. Завхан аймагт баригдаж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцыг мөн бүрэн ашиглалтад авах зорилго тавилаа.
Зургаа, долдугаар сард есөн МВт-ыг төвийн сүлжээнд авахаар зорьсон. Өвөрмонголын өөртөө засах орноос 80 МВт-ыг авах дэд бүтэц, эрчим хүчний холбоо сүлжээ бүрдлээ. Энэ өвөл шаардлагатай тохиолдолд импортлох гэрээ хэлцэл хийж байгаа. Миний бие ирэх долоо хоногт БНХАУ-д эрчим хүчний олон улсын хуралд оролцохдоо хоёр хөрш улсын Эрчим хүчний сайд нартай уулзана аа. Хэрэглэгчдийг эрчим хүчний хязгаарлалтад оруулахгүйн төлөө ажиллана. Цаашдаа 2027 оны эхний хагас гэхэд тог тасарлаа, цахилгааны хязгаарлалт хийлээ гэдэг бэрхшээлийг хална гэж зорилго тавилаа.
Турба генераторын төсөв тусдаа шийдэгдэх ёстой. Одоо бэлэн үйлдвэрлэчихсэн, 4-8 жил ажиллачихсан хүчин чадалтай генераторуудыг авах саналаа явуулчихсан. 3-4 орны 13 компанид үнийн санал явуулсан. Ирэх долоо хоногоос үнийн саналуудыг нэгтгээд явна. Герман, Япон зэрэг орнуудаас санал авах боломж байгаа ч үнийн хувьд хоёр дахин өндөр юм билээ" гэв.