ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дандаа цэвэрхэн байж болдоггүй юм уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-05

“Шинэхэн халатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой” гэдэг шиг хойд хөршийн Ерөнхийлөгч ирэх сургаар хот маань нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөв. Хот тохижилтын ажилчид хэдэн өдрөөр их цэвэрлэгээ хийж, төв талбайгаа нүд гялбахаар л угаалаа. Муухай байсан гэж хэлэхгүй. Улсын нийслэл шиг өнгө үзэмжтэй, их гүрний удирдагчийн өмнө нүүр улайхгүй л зогслоо, бид. Гэвч, дарга ирэхээр л угааж, цэвэрлэдэг бус дандаа цэвэрхэн байж яагаад болдоггүй юм бол. Хуучны цаг үеийг бодвол монголчууд цэвэрхэн болсон байна. Тэр болгон машиныхаа цонхоор хогоо хаядаг, тамхины ишээ шидчихээд явдаг хүмүүс цөөрчихлөө.

Мөн Улаанбаатар хотын захиргаанаас ч ТҮК-ийн ажилчдын ачааллыг бууруулах үүднээс хог цэвэрлэх, шүүрдэх зориулалттай жижиг машинуудыг хэрэглээнд оруулжээ. Тун удахгүй уусан ундааныхаа савыг тушаагаад урамшуулал авдаг машиныг байрлуулах сураг дуулдаж эхлэв. Мөн орой, өглөөд том машинууд ч цэвэрлэгээнд явж харагддаг болсон. Тэгэхээр ТҮК-ийн ажилчдын ачаалал буурсан гэж бодоод байгаа юм. Өвлийн саруудад биш юм гэхэд зуны сард нийслэл хот маань бага ч болтугай тоос, тортогноосоо салж “нүүрээ угаачихдаг” бол хэчнээн сайхан билээ. Тиймээс долоо хоногийн нэг өдөр ядахдаа тоосжилтыг дарах үүднээс чийгтэй цэвэрлэгээ хийдэг болмоор байх юм.

Энэ ажлыг хийх хөрөнгө мөнгө, хүн хүч ч хангалттай байгаа. Энэ тохиолдолд тоосноос улбаатай харшил ч багасна. Мөн хүүхдүүд ч ханиад, вирусын гаралтай өвчлөлд автах нь багасах билээ. Нийслэлээс энэ ажлыг зун, намрын улиралд зохион байгуулалттай хийж, ганцхан төв талбайгаа биш төв болон туслах замуудаа, хүн олноор цугладаг цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайгаа угаагаад хэвшчихвэл иргэд ч хогоо хаядаггүй, нус, шүлсээ хаа хамаагүй нулимдаг муухай зуршлаа хаях билээ.