Монголын нүүрсний салбарын хөгжил, өнгө төрхийг тодорхойлдог гэх “Коал Монголиа” уулзалтыг сэтгүүлчийн хувиар жил бүхэн зорьж очдог болсноос хойш хэдийнэ найман жил өнгөрчээ. Чуулганыг 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд жил бүхэн уриа дэвшүүлж, гадна дотны хөрөнгө оруулагчдыг нүүрсний салбарт уриалан дуудаж, чухамдаа л энэ салбарын хөгжлийг чинээнд нь тулгах тухай мөрөөдлөө ярьсаар есөн жил өнгөрсөн байх юм. Яах вэ, нүүрсний салбараар занималдсан, бүр эрдэс баялгийн эдийн засагч гэх цолыг өөртөө наагаад амжсан Л.Наранбаатарын хувийн компани зохион байгуулдаг ч хөрөнгө оруулагчдад үгээ хүргэх гэсэн төрийнхөн, төрийн бодлого нь ээлтэй болох болов уу гэж горьдсон нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид нэг дор цуглацгааж, сүржин уриа нь ажил хэрэг болоосой хэмээн залбирсаар тарцгаадаг нь худлаа биш.
Анхлан буюу 2010 онд Монгол Улсын уул уурхай дэлхий дахины анхааралд орсон цагт чуулганыг зохион байгуулахад мөн ч олон орноос төлөөлөгчид ирж билээ. 10 гаруй орны хөрөнгө оруулагч, Монголын 1000 гаруй судлаач, бизнесмэнүүд хуран чуулж, хэтийн хөгжлийнхөө талаар хэт өөдрөг төсөөлөл гаргаж байсныг сайн санаж байна. Монголын улстөрчид ч “Бидний цаг үе ирлээ. Монгол Улс тун удахгүй дэлхийн нүүрсний зах зээлийг атгана” хэмээн дэврүүн мөрөөдлөө ам уралдан ярьцгааж байв. Жилдээ 10 гаруй сая тонн нүүрс гаргадаг байсан бол ирэх жилүүдэд бид 50 сая, цаашлаад 200 сая тонн нүүрсээр дэлхийг бүчнэ гэж амлалт өгсөн юм. Хөрөнгө оруулагчид ч түүнд нь итгэсэн. “Ийм их баялагтай улс орон юм чинь нэг жил, бүр удлаа гэхэд гурван жилийн дараа л дэд бүтцээ шийдэх байх. Шинэ техник технологиудаа оруулж ирэн, энэ салбараа хөл дээр нь сэвхийтэл өргөчих биз. Хөрөнгө оруулалтын хуулиа зөөлрүүлж, ашигт малтмал олборлоход нэн таатай байх болов уу” гэж мөн ч их хүлээсэн дээ. Ийм горьдлогын харц тээн, гоё урианд нь итгэсэн учраас тэвчээрийн чавхдасаа таслахгүй таван жил тасралтгүй чуулган бүхэнд нь суусан гэдэг. Гэвч, “Жилдээ 40-50 сая нүүрс экспортод гаргана. Төмөр зам, автозамын асуудлаа шийдчихнэ ээ. Хөрөнгө оруулагчдад нэн таатай орчныг бий болгож өгнө өө” хэмээн бэлэн амласан улстөрчид нь жилийн дараа эргээд ирэхэд нь сураг алдарчихсан байдаг аж.
Эхний уулзалтаас хойш тасралтгүй таван жил суусан нэг компанийн захирал гэхэд л гурван өөр Ерөнхий сайд, мөн тооны Уул уурхайн сайдын нүүр харж, таван жилийн өмнө ярьж байсныг нь дахин, дахин сонсохоор урам хугарахгүй гээд яах юм бэ. Есөн жилийн хугацаанд нүүр нь өөрчлөгдөөгүй хүн гэвэл Л.Наранбаатар, Г.Батцэнгэл хоёр л байх. Л.Наранбаатар гэдэг залуугийн “Гложекс Консалтинг” компани илүү томорч, илүү гоё зочид буудлын танхимд илүү гоё уриа гаргаж хурлаа хийсээр есөн жил болов. Харин төрийнхөн нь энэ хугацаанд түмэн удаа солигджээ. Итгэл алдарч, сэтгэл нь хөрсөн учраас хөрөнгө оруулагчид зүглэхээ ч больж, сүржин уриатай чуулган нь жилээс жилд оролцогчоо алдаж эхэлсэн юм. Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж буй “Өрсөлдөөнд манлайлъя” гэх уриа дэвшүүлсэн энэ удаагийн чуулганы үүдээр ороод л цочсоноо нуух юун. Тэнд “гол тоглогчид” алга. Итгэл үнэмшилтэй ярьдаг, оролцдог байсан эдийн засагчид нь ч ичсэндээ нүүрээ буруулсан бололтой. Магадгүй өнөөдөр үргэлжлэх чуулган ирж мэднэ. Гэхдээ л тэд хэчнээн олон жил худлаа ярих юм бэ. Хэний гар хөл болж, нүүрээ улалзуулах ёстой гэж. “Сэтгэл нь хаа юм бэ, зайлуул” гэдэг шиг коксжих нүүрсний зах зээлд дахиад хэдэн жил хамтрах юм даа гэж бодсоных уу, Хятадын хөрөнгө оруулагчид л хамтран зохион байгуулж, хаа холоос зорьж ирээд оролцож байна билээ. Тодруулбал, энэ удаагийн чуулганыг хамтран зохион байгуулж буй “Түдэй Тинк Танк Энержи” компанийн дэд Ерөнхийлөгч Хөү Жихуа “БНХАУ-ын хувьд эрчим хүчний нүүрсний хэрэгцээ 2-3 жилийн дараа огцом буурна. Харин коксжих нүүрсний хувьд эрэлт буурахгүй байх. Ойрын 10 жилдээ тогтвортой байх болов уу. Австралийн нүүрсний хувьд нийлүүлэлт буурсан.
Харин Монгол, Оросоос авах нүүрсний хэрэглээ буураагүй” гэв. Тэгэхээр бид хэнтэйгээ өрсөлдөж, манлайлах тухай яриад байгаа юм. Биднийг зам харгуй, төмөр замын далангийн хэрүүл хийж байсан тэртээх 2015 онд БНХАУ, ОХУ, Казахстан улсуудыг холбосон төмөр замын гарц нээгдэж, нүүрсний экспортын хэдэн арван гэрээ зурагдчихсан. Харин Монгол Улсад ганц удаа боломж нээгдсэн нь Австрали үер, хар шуурга тавьсан 2011, 2017, 2019 онууд. Москва найтаахад Монгол ханиад хүрдэг” гэдэг шиг Австралид үер болоосой, ахиухан нүүрс зарах юмсан гэж л залбирч ирлээ, бид. Угтаа “олон улсын” гэх тодотголтой байсан чуулган “Энержи Ресурс” гэсэн ганцхан компанийн сурталчилгааны талбар болжээ. “Нэг компанийн зохион байгуулдаг хурал шүү дээ” хэмээн тоохгүй өнгөрч байсан жил олон бий. Гэтэл өнөө жилээс “Монголын нүүрсний ассоцциаци” зохион байгуулахаар болжээ. Тэгээд өмнөхөөс илүү гоё уриаг дэвшүүлсэн нь “Өрсөлдөөнд манлайлъя” гэх уриа. Өмнө хэлсэнчлэн, нийтдээ есөн жил зохион байгуулагдахдаа ямар, ямар уриа дэвшүүлж байсныг уншигч танд эргэн сануулъя. Тухайлбал, 2011 онд “Монгол-Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч”, 2012 онд “Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур”, 2017 онд “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь”, 2018 онд “Технологийн дэвшилд хамтдаа”, 2019 онд “Өрсөлдөөнд манлайлъя” гэсэн уриа дэвшүүлэв. Гэвч дээрх есөн жилийн хугацаанд бид эрчим хүчний шинэ тоглогч болж чадсан уу. Эдийн засаг эрчимтэй хөгжсөн юм уу. Технологийн дэвшил байтугай есөн жилийн өмнө ярьж байсан дэд бүтцийн асуудлаа ч шийдэж чадаагүй сууж байна, бид.
Ийм байтлаа яаж чуулган зохион байгуулж чадаж байна вэ. Хатуухан хэлэхэд, дотоод, гадаадын хэдэн компанийг “сааж” хөрөнгө оруулалт татдаг, том зочид буудлын хурлын танхимаар хэсүүчилж, том мөрөөдлөө ярьдаг ичгэвтэр байдлаа одоо больчихвол яадаг юм бэ, Л.Наранбаатар аа, Г.Батцэнгэл ээ. Нэг компани, түүний захирал гэх “нүүрсчин” залуугийн зохион байгуулж байсан хурлыг нь “Монголын нүүрсний ассоциаци” зохион байгуулж, нэр хүндээ барах л дутаж дээ. Үнэхээр л хөрөнгө оруулагчдаа татах гээд байгаа бол төр нь энэ ажлыг жилдээ нэг зохион байгуулж, илүү даацтай, илүү өргөн хүрээнд асуудлаа ярьдаг болмоор байна. Үнэндээ “Энержи Ресурс” гэх хувийн компани л илүү гэдгээ сурталчлах гэсэн уулзалт болоод өнгөрөх вий. 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ирэх 20 жилд Монгол Улс БНХАУ-д тэрбум тонн нүүрс нийлүүлэхээр боллоо”, 2015 онд М.Энхсайхан “Тавантолгой хөдлөхөд бэлэн боллоо. Хөрөнгө оруулагчид тодорхой” болсон гэсэн хоёр сенсаацтай мэдээлэл хийж, танхимд цугласан хүмүүс алгаа хорстол ташиж байсан юмдаг. Харин тэр цагаас хойш танхимд алга таших ч хүн олдохгүй боллоо. Үүнийг ч буруутгах аргагүй юм даа. Есөн жилийн өмнө 16 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан Монгол Улс өнөөдөр энэ тоог дөнгөж 20 саяд хүргэлээ. Энэ жил 40 сая тонныг гаргах амлалт өгсөн ч амлалтынхаа дөнгөж 50 хувийг биелүүлээд байгаа гэсэн үг. Есөн жилийн хугацаанд нүүрсний экспортоо дөнгөж дөрвөн сая тонноор нэмлээ. Тийм атлаа шинэ гарцаар төмөр зам барина, хөрөнгө оруулалт татна, цэргүүдээ бүтээн байгуулалтад ашиглана, ОХУ-аар дамжуулж гуравдагч зах зээлд гарах талаар ярихаар шоолно, даапаална. Гэтэл өөрсдийнх нь байгаа байдлыг хар л даа. Мөрөөдөж бололгүй яахав. Гэхдээ ийм олон жил, тийм олон хөрөнгө оруулагчийг үргээж мөрөөдөж арай болохгүй байх аа, залуус аа.