ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Наранцэцэг: Би зүрх, тархиндаа аль эрт байгуулчихсан мөрөөдлийн цэцэрлэгтэй

Ц.ЭНХТҮВШИН
2019-09-06

Жимс ногоо тариалдаг хэн бүхний танил болсон Ш.Наранцэцэгийг “Хөлсний амт” буландаа урилаа.  

-Сэлэнгэд нутаглаж байгаад хот дөхсөн дуулдсан. Нутаг хаахнуур байна вэ. Ямар тариалалт эрхэлж байна?
-Одоо Төв аймгийн Баянчандмань суманд төвхнөсөн. Манай орны нөхцөлд тохирсон сонин, содон жимс, жимсгэний мод, бут тариалах ажил эрхэлж байгаа. 

-Ургац арвин уу?
-Арвин байна. Энэ жилийн тухайд бороо хур элбэгтэй, зуншлага сайхан байлаа. Миний хувьд өөрийн орны нөхцөлд ургаж болохуйц сонин содон мод, бутыг  жилдээ 1000 гаруй ширхэгииг тариалж байна. Мөн чимэглэлийн ховор мод, бут ч цөөн тоогоор тариалан цаашид үржүүлэх эх мод бэлтгэж ажиллаж байгаа

-Өөрийг тань тариаланчид “Мөрөөдлийн цэцэрлэгийн Нараа” гэхээр андахгүй мэддэг юм билээ. Энэ чухам ямар учиртай юм бэ. Мөрөөдлийнхөө цэцэрлэгийг байгуулсан уу?
-Анх нэг ТББ байгуулсан юм. Тэр маань анхнаасаа л хувиараа цэцэрлэгтэй болох гэж зорьж байгаа хүмүүст хандсан ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо ч хэвээрээ. Анхнаасаа л хүмүүстэй мэдсэнээ хуваалцмаар байсан хэрэг. Маш олон сонирхогч байдаг. Харин нүүр номоор “Мөрөөдлийн цэцэрлэг гэсэн хуудас ажиллуулж эхлээд найман  жил гаруй болж байна. Дагагч, дэмжигчдийн тоо 19 мянгад хүрчээ. Сонирхол нэгтнүүд маань энэ хуудсаар бие биетэйгээ танилцаж, сурсан мэдсэнээ нэг нэгэндээ зааж, зарим нь хамтран ажиллаж мэдлэг дээшилсээр байна. Энэ хавар гэхэд л манай байгууллагаас алим, чавга хэрхэн үржүүлэх, хэрхэн залгадаг талаар сургалт хийсэн. Энэ бол бид чамгүй урагшилсны илрэл гэж жаахан омойтож байгаа шүү. Мөрөөдлийн цэцэрлэгийн тухайд зүрх тархиндаа аль эрт байгуулчихсан л яваа шүү дээ.  Ер нь бол 1-2 га газарт Монголд ургаж болох сонин содон жимснүүдийг бүгдийг тарьсан гоё жимсний цэцэрлэг байгуулах юмсан гэж байнга л бодож явна. Тэнд нь түм буман хүн холхиж, сонирхсон иргэд, оюутнууд дадлага хийчихдэг, хоббитнууд ч очоод юу тарих гэж байгаагаа нүдээр үзээд, амсаж шинжчихдэг , хүүхдүүд ч үзэж сонирхдог  байвал сайхан аа гэж байнга мөрөөдөх юм.

-Ер нь манайхан мод тарих туршлага, тэр дундаа жимсний мод тарих талаар туршлага бага байх шүү?
-Энэ ажлыг хийж эхэлснээс хойш  10 жилийн  дараа гэхэд  сонирхол нэгтнүүдээс маань эхлээд ер нь айл өрхийн хашаа, зуслангууд их өөр болсон байна. Гэнэт бүгд ногоорчихгүй. Гэхдээ л нөгөө сүлжээ гэдэг шиг яг сүлжээний хурдаар тэлж, “халдварлаж” байгаа. Тиймээс тэдэнд хандсан  сургалтаа амьдалд ойртуулан хийх, гадаад дотоодын эко аялал зохион байгуулах,  бие биенийхээ хийж байгааг нүдээр үзэж, гараар барих боломж олгох гээд бодож байгаа юм их байна. Манай монголчууд суурин амьдралтай болоод 100 жил ч болоогүй ард түмэн. Тэгэхээр нэг их хашаа хороондоо мод бут тариад түүнээсээ жимс ногоо хурааж аваад байсан туршлага бага юм. Харин сүүлийн жилүүдэд хашаатай, зуслантай болгон л мод, бут тарьж жимс ногоо ургуулах хүсэлтэй байгаа харагддаг. Хүмүүс ч гоё амьдарч, эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлздэг болсон байна. Ерөөс шинэ цагийн монголчууд сайн сайханд илүү  хурдан сурч, амжуулж байна шүү дээ. Ер нь өрхийн нэг жаахан ч болтугай тариалалт гэдэг бол тэр өрхийнхнийг бүгдийг нь ажилтай, хүүхэд багачуудыг багаас нь хөдөлмөрч болгодог юм.

-Ажиглаад байхад сүүлийн үед хүмүүс сорт энэ тэр ярьсан шиг ер нь л сүрхий болж буй нь анзаарагдаж байгаа?
-Тийм шүү. Би бол мод, бутыг монголд тариалсан анхны хүн биш шүү дээ. Гэхдээ л анх намайг алим, чавга гэж ярьж байхад хүмүүс “ургах юм уу” л гэдэг байсан. Одоо бүр сорт ярьдаг болтлоо хөгжсөн. Тэр талаар мэддэг чаддагаа бид бие биедээ түгээх хэрэгтэй. Одоо нэг үеийг бодоход жимсний мод л бол жимсний мод гэсэн хандлагаасаа өөрчлөгдөөд байгаа. Аль болох манай орны нөхцөлд ургах боломжтой, жимс нь арвин гэх мэтээр шилж сонгоно. Энэ нь цаад мөн чанартаа өнөө сорт. Манай орны тухайд, ялангуяа хамгийн түгээмэл хэрэглэдэг үхрийн нүдийг гэхэд шилдэг сортуудыг олж тарих нь чухал. Жирийн тарьдагуудыг тарихаас гадна, том жимстэй, тэр нь амтлаг, бутнаас авах ургац арвин гээд ядахдаа хажуу зэргэлдээх оросын цэцэрлэгүүдээс түрүүлдэгггүй юм гэхэд зэрэгцээд тариад баймаар санагддаг. 

-Ингэхэд та угаас энэ чиглэлийн мэрэгжилтэй хүн үү? 
-Үгүй дээ. Би төрийн ажил хийж байгаад 2011 онд гэнэт гармаар санагдаад л гарчихсан юм. Тэтгэврийн насыг ч хүлээлгүй шууд л ажлаасаа гарсан. Москвад төрийн ажлын зохион байгуулагч мэргэжлээр сургууль төгссөн. Брежнвийн үед гээд бодохоор ахмад кадр байгаа биз дээ. Дандаа л  захиргаа хавиар ажиллаж байсан. Бичиг цаасны ажил л даа. Сургуульд байхдаа ч, ажилд гараад ч эвлэл, үйлдвэрчин гээд сонгуульт ажил их хийсэн болоод хамтын юманд дуртай юм байлгүй.  Ер юм тарих хоббитой.  Анх 2008 онд томхон шиг газар аваад тарьж эхэлсэн дээ. Уншаад л байдаг байсан.

-Тэгээд энэ талын ямар ч мэдэгдэхүүнгүй хүн шууд л мод, ургамал тариад эхэлсэн хэрэг үү? 
-Өмнө нь сургуульд байхад Шаамарын жимс, жимсгэнэ гээд алим тарьдаг газрын талаар сонсож байсан. Хамгийн анх Хиагтад айлд ороход чавгаар дайлсан юм. Өөрийнхөө тарьсан жимсээр дайлж байна гэснээс л үүдэлтэй гэхэд болно. Гэрээс нь гараад харсан чинь хашаагаар нь нэг сагсайтал ургасан жимс байсан. Тэгээд л дахиад уйгагүй уншдаг байлаа. Унших тусам улам гүнзгийрээд л.

-Та хүмүүст хэрэгтэй, хүссэн мод бутыг нь өөрөө нийлүүлэхээс гадна ОХУ-ын Эрхүү, Улаан- Үдээс бас нийлүүлдэггэж сонссон?
-Тийм ээ. Би бусдаас тэр тусмаа энэ чиглэлээр орос нөхдөөсөө суралцах их хэрэгтэй гэж боддог. Тэд бол арвин туршлагатай. Хөрш буриадын нөхөд бүр бөөн туршлага. Өөрсөддөө байхгүй онцлог жимс жимсгэнийн мод бутыг тэднээс авч, нутагшуулж тарьснаар одоо өөрсдийн гарын жимс, жимсгэнээ авч буй олон хөдөлмөрч монголчууд бий шүү. 

-Эко аялал хийдэг тухай та сая цухас дурдлаа. Энэ тухай сонирхуулаач?
-Бид бас ажиллахын зэрэгцээ дотоод гадаадын сонирхол нэгтнүүдээсээ суралцах эко аялалын боломж л гарвал хийдэг юм. Энэ намар цэцэгчин Жаргалтөгсийнхөө бяцхан цэцэрлэгээр аяллаа. “Бид том алхахаар шмийдлээ” нэртэй УБ-Иркутск маршрутын эко аялал зохион байгуулж, аялал маань амжилттай болж өндөрлөлөө. Аялалын явцад бид Сибирийн цэцэрлэгчдийн томоохон үзэсгэлэн яармагт зочлохын зэрэгцээ Иркутскийн мод үржүүлгийн компаниар зочилсон. Мөн улсын их сургуулийн дэргэдэх ботаникийн цэцэрлэгээр аялах зэргээр нэг сумаар хэд хэдэн туулай буудсан. Манай сонирхол нэгтнүүд бас өөр өөрийн шугамаар иймэрхүү ажил энд тэндгүй их хийдэг юм. Харин тэднийг төрөөс дэмжих бодлого жаахан хүртээмж муутай санагддаг. 

-Хавар намрын мод тариалалтаар та сонирхол нэгтнүүддээ сайхан моддоор бэлэг барих хэвээрээ биз дээ?
-Хичээж л байгаа. Уулнаас ургаа моддыг үндсийг нь эвдэн хөлс хүч заран байж авчраад үхүүлж байхаар мод үржүүлдэг үндэсний баялаг бүтээгчдээсээ бойжуулсан мод бутыг нь авч гэмээн тэр чинь бид мэтэд төрөөс үзүүлж буй том дэмжлэг юм даа.