ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Фракци гурав тасравч...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-09

“Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр улс төрийн албан тушаал болгоныг, Улаанбаатар хотын эрх мэдэл бүхнийг олон жил атгаж байсан “Хотын фракци” гурав тасарсан ч үмхийгээ тавьсангүй. Хотын фракцийн толгойлогч М.Энхболдыг баруун, зүүн гар нь болох Ц.Сандуй, Т.Бадамжунайгаас нь салгасан ч Их хуралд орж ирсэн 32-тойгоо нийлчихээд төр самарч эхэллээ.

Албан тушаалаас нь чирч буулгасан өс хонзонгоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүхийн толгойлдог “Зүүний хүчний” холбооноос хангалттай авч байна, тэр. Уг нь хоёр жил гаруйн хугацаанд 21 аймгаар явж хэлэлцэж, ард нийтийн санал асуулгаар удаа дараа ярьж, баахан эрдэмтэн хуульчдын хэдэн сар, жилийнх нь нойрыг хугаслан байж боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ардын намын хоёр бүлэг дундаа хийж байгаад юу ч биш болголоо. Өөх ч биш, булчирхай ч биш болов. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналууд ч ээлж дараалан уналаа. 

Нийт гишүүдийн тоог нэмэх, хугацааг нь сунгах зэрэг хэд хэдэн санал ар араасаа унасан учраас Ардчилсан намын бүлэг ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарна гэж мэдэгдэв. Өнгөрсөн баасан гарагт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд яаралтай мэдэгдэл хийхдээ “Парламентыг тогтвортой бодлоготой байлгая гэвэл улс төрийн намын төлөвшил хариуцлага байх ёстой. Улс төрийн намуудын төлөвшлийг дагаж УИХ бодлогын байгууллага болж, зөв болох замдаа орно гэж бодож сонгуулийн тогтолцооны асуудалд байр сууриа илэрхийлж ирсэн.  

Харамсалтай нь энэ мэт чухал саналуудыг чуулганаар хэлэлцээд, унагалаа. Тиймээс АН-ын зөвлөл цаашид Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Чуулганы үеэр олон санал унаж, техникийн алдаа гэдэг шалтгаанаар санал буцсан. Энэ бүхэн АН-д хамаагүй шүү” гэсэн мэдэгдэл хийжээ. Ийнхүү Ардын намын 62 гишүүний өргөн барьсан төсөл тэг дундуураа хуваагдаж, Ерөнхийлөгчийн гаргасан саналууд хоёр фракцийн зөрчил дунд гээгдэж орхилоо. Дэгсдүүлж хэлбэл, дордохын долоогоос ч долоон дор нэмэлт өөрчлөлт хийх гэж улайрч байна, хотынхон.

Аргаа барсан УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ыг тараана шүү” хэмээн гишүүдийг айлгасан гэх мэдээлэл гарч эхлэх нь тэр. Үнэн, худлааг хэн мэдлээ. Гэхдээ ингэж хэлсэн бол УИХ-ын даргын зөв. Эндээс өөр ямар арга хэмжээ авах юм бэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө үнэмлэхүй олонхиороо хийж чадаагүй МАН-ынханд үлдсэн хугацаанд хийх ажил олдох юм уу. Тиймээс даргынхаа үгэнд орж даруйхан тарахаас өөр сонголт алга. Нялуунаас шулуун нь дээр гэдэг дээ. Өмнөх хэд хэдэн нийтлэлдээ бичиж байсанчлан, энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс бол 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн “Дордохын долоон заалт”-ыг өөрчлөх.

Засаглалын тогтворгүй байдал бий болгосон, эв нэгдэл рүү биш эвдрэлд хөтөлсөн эдгээр долоон заалтыг өөрчлөхгүй л бол Монгол Улс хөгжлийн бус хагарлын замаар “бэдэрч” явааг энд суугаа 75 хүн хамгийн чанга дуугаар ярьдаг билээ. Тиймдээ ч гурван парламент дамжин нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж, хэдэн зуун эрдэмтэн, хуульчдын ажлыг алдагдуулан байж судалгаа хийлгэж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлсэн. Гэтэл тэр олон хүний хөдөлмөрийг 32-оороо хуваагдаж байгаад юу ч биш болгочихов.

“Ард түмэндээ амласан ёсоор Үндсэн хуулийн алдааг нь бид засна аа” хэмээн 62-уулаа оруулж ирснийг эргэн сануулах шаардлагагүй байх. Гэтэл өөрсдийнхөө төслийг юу болгож орхисноо, ямар зүйлээр улс төрийн шантааж хийж байгаагаа ойлгодог хүн байдаг болов уу, энэ намд. Засгийн газар тогтвортой байх хамгийн гол амин сүнс нь Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг, сайд нараа чөлөөлдөг байх явдал. Гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрхийг нэмж өгөхгүй л бол ирээдүйн 20 жилд ч  тогтвортой байдлын тухай зүүдлээд ч хэрэггүй. Ардын намынхан үүнийг хүссэн.

Ингэж өөрчлөхгүй бол болохгүй гэж оруулж ирсэн биз дээ. Гэтэл өргөн барьсан төслөө 360 градус эргүүлж, дэмжсэн заалт нэг бүрийгээ өчүүхэн жижиг шантааж, эрх мэдлийн төлөөх өс хонзонгийн талбай дээр гаргаж ирэн илдээр цавччихлаа. М.Билэгт, А.Сүхбат, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат тэргүүтэй есөн гишүүн энэ заалтыг унагалаа. Угтаа, хотын фракцийн хөл нь болсон улстөрчид үүргээ биелүүлж байна. Мөн У.Хүрэлсүхийн танхимд ажиллаж буй хоёр ч сайд нь эсэргүүцэж санал өгчээ. Үүнийг танхимынхаа эсрэг гэж ойлгох уу, эсвэл нам доторхи ардчилал гэж ойлгох уу. Харамсалтай нь хариултыг тэр даруйд нь олж чадсангүй, тэд ч хариулт өгөөгүй байна. Яасан их өс хонзон, ямар том шантааж вэ.

Монгол Улсын Үндсэн хуулиар шантаажилдаг сонгуулийн тойрог, албан тушаал гэж юу байх билээ, гишүүд ээ. Улс орны тогтвортой байдал, улс төрийн эмх замбараагүй байдал, уруудаж буй улсын хөгжлөөс чухал фракци гэж байдаг юм уу, М.Энхболд дарга аа. Мэдээж, нөгөө л хэв маягаараа та хөшигний цаана үлдлээ. Чив чимээгүйхнээр үүргээ гүйцэтгэж байна. Гэвч, тойргоор шантаажилсан, албан тушаалаас нь буулгасан өшөө хорсол ийм том эрх ашгаар төлөгдөж арай ч боломгүй санагдах юм. Мэдээж, та “Би үүнд оролцоогүй. Надад хамаагүй” гэж мэдэгдэл хийж таарна.

Эсвэл гүтгэлээ хэмээн шүүхэд өгөх биз. Гэвч, сонины нэг нүүрэнд үзэл бодлоо буулгаж суугаа сэтгүүлч би ганцхан ингэж харсангүй. Нам дотор чинь, намаас гадна ч хоёр фракцийн зөрчил чинээндээ тулж, хуулийн төсөл хөсөр хаягдсаныг шүүмжилж, ярилцаж байх юм. Тухайлбал, улс төр судлаач О.Чулуунбилэг өөрийн цахим хуудастаа “МАН-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гарын үсэг зурж өргөн барьсан. Төслийн Гүйцэтгэх засаглалтай хэсэг 53 гишүүнээс дээш дэмжлэг аваагүй. Тэгэхээр 62 задарсан гэсэн үг. Үнэмлэхүй олонхи МАН засаглах чадамжгүй болсон байна” хэмээжээ. Энэ мэтээр судлаач бүхэн дуу хоолойгоо гаргаж эхэллээ.

Тэр байтугай МАН-ын өргөн барих хуулийн төслийн төлөө нойр, хоолгүй шахам ажилласан хуульчид ч хүртэл хөгийн улс төрийн чинь золиос болж, хөдөлмөрөө үнэгүйдүүлчихээд халаглаж байна. Ийм байж, цаашдаа яаж төр удирдах билээ. Ийм замаар явчихаад эргэж яаж эвлэх гэж байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарынхаа үгэнд ороод УИХ-аа тарааж үз. Үүнээс өөр сонголт үлдсэнгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх өшөө хорслоо тайлсан шантаажаа ч одоо больсон нь дээр дээ.