Манай нэг баатар эр зохиол бичжээ. Оросын хаан руу “Солиороорой чи муу. Чи ямар Сталин уу” гэж уг зохиол эхэлж байна. Том хүн том л сэтгэнэ. Томоохон сэдвээр бичнэ. Зохиолоо хаа холоос Сталин, Чойбалсангийн үеэс эхэлж, ардчиллын дайснуудаа зүхжээ. Ардчилсан хувьсгалын буянаар баатар болсон хүн энэ зэргийн сэтгэж бичих нь энүүхэнд. Байгуулсан, авчирсан ардчиллаа өнгөрсөн үетэй хамааруулан тун ч сүрхий найруулсан байна билээ. Монголд ардчилал дэлгэрсэн цагаас монголчууд тэжээгчээ алдсан гээд Социализмын үед орос ах нарын барьж байгуулж өгсөн болгоноор бахархаж, орос мэргэжилтнүүдэд “спасибо” гэснээ ч хэлсэн байна.
Хойд хөршийнхөн сүүлийн 15 жилд Улаанбаатарыг маань дэндүү гоё хөгжсөн, яг л Хонконг шиг гэж магтацгааж байна гэнэ. Тэрэнд баатрын маань гавьяа маш их гэнэ. Үнэн л дээ. Сая гаруйхан хүнтэй метрополитан хотыг удирдаж, засаглаж явсан он жилүүд нь баатар цолтой нь харьцуулахад юу юм бэ, ёстой л нохойн жогорхой. Өлсч даарч, тэмцэж авчирсан ардчилал нь өөрт нь гай болох юм чинээ хэн саналаа. Тэмцэж олсон ардчилал нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосныг тэр мартаагүй. Мартах ч үгүй. Харин ганцхан хүнд дургүйдээ л үзэг цаас шүүрч, өгүүллэг бичиж. Дургүй тэр хүн нь компьютер сайн мэддэг, фотошоп сайн хийдэг Ерөнхийлөгч байж таарлаа. Өөрийг нь хойд хөршийн Ерөнхийлөгчид загнуулж байгаагаар зургийг нь эвлүүлээд фэйсбүүк хуудсаараа тараагаад, лайк шэйр цуглуулчихаж. Арай дэндэнэ ээ. Улсын номер нэг хүн байж Улсын баатрынхаа зургийг эвлүүлээд, тараагаад шоолоод сууж байдаг. Тэрнээс чинь болж улсын баатрын маань рейтинг навс унаж, хийморь нь өч төчнөөн хувиар унасан байж таарна.
Сонгууль ойртчихоод нам нь түлхэж, найзууд нь нүүр буруулчихаад сандарч явахад нь нэрмээс болдог нь яаж байгаа юм бэ. Ингэхэд твиттерт нэг эмэгтэй байдаг юм билээ. Түүнийг жиргээчид ёстой л элдэвлэж харагддаг. Зургийг нь эвлүүлж, зурагаар нь “ковер” хийж ил цагаан маазарч, марзганаж харагддаг. Гэлээ гээд тэр ер тоосон шинжгүй л байдаг юм билээ. Ёстой баатар цол өгчихмөөр...