- “Жаст” групп, “Шинжиан Шинфа” 2 өрөө төлнө үү -
Төрийн банк жил бүр хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад ордог ч хувьчилж авъя гэхээсээ илүү дампууруулж, үнэгүйдүүлж авах гэсэн сонирхол хэн нэгэнд байгаа юм биш байгаа. Төрийн банкны хувьчлалд “Алтжин” группын захирал Г.Алтан тэргүүтэй Увсын бүлэглэл оролцох нэлээд сонирхолтой байдаг талаар улстөрчид ил далд ярьцгаадаг. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН ялж, тохироо нь яг сайхан бүрдэнэ гэсэн хүлээлттэй байсныг ч ярих нь бий. Хэрэв МАН ялсан бол өнөөдөр Төрийн банк Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд 51 тэрбум төгрөгийн өр төлчихсөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Төрийн банкнаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан Шинфа” компанид зээлсэн 20 тэрбумын өр ч цайрчих байсан биз.
Төрийн банкны мөнгө бол төрийн, ард түмний татварын мөнгө гэсэн үг. Энэ банкнаас хэн дуртай нь хэдэн төгрөг ч хамаагүй зээлэхдээ хийгээгүй ажлаа хийсэн болгон барьцаалж, магадгүй хадгалуулаагүй байсан мөнгөө хадгалуулсанд тооцон өр нэхсэн тохиолдол 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарсан юм. Өнөөдөр Төрийн банк Эдуард Сүрэнд 32 тэрбум төгрөгийн өр төлж, “Шинжиан Шинфа” компани 20 тэрбумын өрөө төлсөн үү гэдгийг асуух цаг болсон биз ээ. Тухайн үед болж байсан үйл явдлыг эргэн сануулъя.
Эдуард Сүрэн “Хадгаламж” банкинд 32 тэрбум хадгалуулсан нь үнэн үү
Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр Төрийн банк 32 сая ам.доллар буюу 51 тэрбум төгрөгийн өр төлөх болов. “Жаст”-ын Ш.Батхүүгийн мэдэлд байсан “Хадгаламж” банкинд “Алтжин” группын захирал Г.Алтангийн хүү Эдуардын Сүрэн 32 сая ам.доллар буюу 51 тэрбум төгрөг хадгалуулж байсан гэдэг. Харин банкны эзэн Ш.Батхүү нь тэр мөнгийг “Хадгаламж” банкаараа баталгаа гаргуулан иргэн Эдуардын Сүрэнгээс зээлж авсан байна.
Ш.Батхүү 2013 оны долдугаар сард Монголбанктай ярилцаж байгаад “Хадгаламж” банкаа Төрийн банктай нэгтгэсэн. Ингээд зээлийн баталгаа гаргасан “Хадгаламж” банкны эрх үүргийг Төрийн банк үргэлжлүүлж байгаа учраас Төрийн банк “Жаст”-ын Ш.Батхүүгийн өмнөөс 32 сая ам.доллар буюу 51 тэрбум төгрөгийг иргэн Эдуардын Сүрэнд төлөх болж таарна. Ийнхүү “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлийг өмнөөс нь төр төлөх болов. Хууль шүүхийнхэн яаж ажиллаад, яаж мэдээд тийм шийдвэр гаргасныг мэдэхгүй.
Юутай ч “Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгдэх үед эрх хүлээн авагч, актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр “Хадгаламж” банкнаас иргэн Эдуард Сүрэнд 32 сая ам.долларын өглөгтэй гэх баримт материал огт шилжиж ирээгүй, Эдуард Сүрэн, “Жаст” групп хоорондын зээлийн гэрээг Монголбанкинд бүртгүүлээгүй байхад л шүүх тийм шийдвэр гаргасан нь хачирхалтай. Шүүхийн шийдвэр 2013 оны аравдугаар сард гарсан байдаг бол “Алтжин” группын захирал Г.Алтан 2011 оны сүүлчээр “Хадгаламж” банкны захирлаар хэдхэн сарын хугацаанд хашиж байсан, тухайн үед “Хадгаламж” банкны 51 хувийг худалдан авсан гэх мэдээллүүд гарч байсан нь нууц биш ээ.
“Шинжиан Шинфа” 20 тэрбум төгрөгөө төлсөн үү
Төрийн банк зээлийн журмаараа бол таван тэрбум төгрөгөөс дээшхи зээлийг олгох ёсгүй. Гэхдээ 20 тэрбум төгрөгийг Хятадын хөрөнгө оруулалттай компанид ганцхан өдрийн дотор шийдвэр гаргаж, зээлсэн байдаг. Тухайн үеийн Төрийн банкны захирал Д.Баярсайхан эрх үүргээ хэтрүүлэн, “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгохыг тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахаас гурав хоногийн өмнө чиглэл өгч, албан тоот хүргүүлсэн байдаг.
Зээл мөн энэ өдрөө гарсан. Банкнаас 20 тэрбум төгрөг зээлнэ гэсэн төдий хэмжээний барьцаа шаардана. Харин “Шинжиан Шинфа” юу барьцаалсан бэ. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 67 сая доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий концессын гэрээгээ барьцаалсан гэдэг. Харин концессын гэрээ барьцаалан зээл олгоно гэдэг хууль зөрчсөн үйл ажиллагаа. Дашинчилэнгээс Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замыг барих, шилжүүлэх концессын гэрээг барьцаалан банкнаас 20 тэрбум төгрөг зээлж чадсан хятад компанид маш том түлхээс, арын хаалга байсан болж таарна.
Харин “Шинжиан Шинфа” 120 км замын концессын гэрээгээ барьцаалж, монгол төрийн банкнаас зээл авах нь бүү хэл, өнөөдрийг хүртэл замын ажлаа дөнгөж ажлыг нь эхлүүлээд хаячихсан, төрөөс авах санхүүжилтээ ч тоохгүй хаячихсан гэж хэлж болохоор. Барьцаа хөрөнгө гэдэг нь зарж болох зүйл байх ёстой. Харин Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Концессын гэрээ гэдэг зарж болох эд үү. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийн өмнөхөн “Шинжиан Шинфа” компаниар дамжин Төрийн банкнаас гарсан 20 тэрбум төгрөг МАН-ын сонгуульд хэрэглэгдэж, цацагдсан юм биш байгаа.
Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө рүү гар дүрж суудаг цаг дуусах л байгаа даа. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг ч жирийн татвар төлөгчид бол уйлах ч багадаж суудаг. Төрийн банкийг тоносон “Жаст”-ын Ш.Батхүү, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” компаниас монголчууд өрөө нэхсээр...