Бүхий л хотхон, хорооллын адилаар миний амьдардаг хороолол ч дотооддоо групп болцгоож, асуудлаа ярилцдаг юм. “Тогны мөнгө их гарлаа, халуун ус тасарчихлаа хэзээ ирэх бол, энэ удаад мөнгө их гарчээ” гэх мэтээр ярихгүй зүйл бидэнд байхгүй. Хоол хүргэх утас, худалдаа наймааны зар ч тэр дунд байдаг. Тэр дунд хотхон, хороололдоо цэвэрч амьдрахыг уриалсан, мөн шүүмжилсэн пост олон байх аж. Явган хүний зам таглаж зогссон автомашины зургийг ил гаргаад тавьчихна. Хогоо гаргаж хаяж чадахгүй байгаа оршин суугчдаа ил шулуухан шүүмжилнэ. Дор нь маргаан, мэтгэлцээн өрнүүлж, дотроо бухимдаж яваа асуудлаа ч ил тодоор хэлчихнэ.
Энэ бол өдөр тутмын л нийгмийн толгой өвтгөсөн асуудал. Хороолол бүхэнд л байдаг бэрхшээлийн нэг биз. Хамгийн чухал нь зөв амьдрахыг, зөвөөр үлгэрлэхийг шаардаж байгаа тэдгээр постуудын эзэн бидний залуу үе байгаад л баярлах сэтгэл төрдөг юм. Манай хороолол ихэвчлэн залуу гэр бүл олонтай. Түрээсээр амьдардаг цөөхөн хэдэн ахмадуудыг эс тооцвол амьдралаа зохиож буй залуус амьдардаг гэдгээрээ онцлог. Харин тэдгээр залуу үе амьдарч буй орчин, ажиллаж буй хүрээллээсээ эерэг хандлага, зөв дадал зуршлыг нэхэж байгаа нь хэчнээн сайхан санагддаг гээч. Тэнд пост бичсэн нэг залуу гэр бүлийн цаана 2-3 хүүхэд бий. Тэд аав, ээжээсээ ийм зөв дадал зуршлыг эзэмшиж, амьдарч буй орчноо цэвэр байлгахад суралцаж байгаа гэхээр л ирээдүй үедээ итгэх итгэл төрдөг юм. Нэг үеийг бодвол манай залуусын ухамсар хандлага маш зөв болжээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн хандлага ч ажиглагдах болов.
Ийм л залуус хажууд байгаадаа, хамт амьдардаг найзууддаа үлгэрлээд эхэлвэл цэвэрхэн хотыг бий болгох ажилд мөнгө зарцуулах ч шаардлагагүй. Амьдарч буй орчиндоо ая тухтай, цэвэрч байдлыг бий болгохын төлөө залуус өөрсдөө үлгэрлээд эхэлвэл тун удахгүй хог хаядаг, машинаа хаа хамаагүй орхидог хүмүүсийн тоо ч цөөрөх нь дамжиггүй. Нэг хүний шүүмжлэл нөгөөд заавал хүрдэг учиртай. Нийтийн сүлжээнээс өөрийнхөө буруу үйлдлийг олж харсан хэн нэгэн дахиж тэр алдаагаа давтахгүй нь ойлгомжтой. Тэр алдааг нь уншсан хэн нэгэн түүнийг давтахгүй нь тодорхой юм. Цахим орчинг зөвөөр ашиглана гэдэг л энэ биз. Тиймээс хороолол, хотхон бүрээрээ шүүмжлэлээ ч өрнүүлж, шаардлагаа ч зөв тавьж сураарай. Хэдхэн сарын дараа л итгэмээргүй үр дүнд хүрч, хорооллоороо зөв амьдардаг болчихно доо.