ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Хоёр сайдынхаа асуудлыг цэгцлэхгүй бол Засгийн газрыг огцруулах шаардлага тавина  

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-04-30

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр  сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан намын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий есөн сэтгүүлчийг мөрдсөн, тагнасан, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Уг асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгаж нэр бүхий цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцүүлэх талаар албан тоот хүргүүлсэн”  хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлт олгох асуудлыг оруулж ирсэн тул тавдугаар сарын 14-ний дотор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг шаардсан” байна.   Ингээд бүлгийн мэдээллийн дараа цөөн асуултад хариулт авлаа.

- Засгийн газрын хоёр сайдад хариуцлага тооцох шаардлагыг өргөн барьсан. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  нарын асуудлыг нэг тийш цэгцэлж чадахгүй бол бид Засгийн газрыг огцруулах шаардлага тавихад бэлэн байна. 

-Сэтгүүлчдийг ямар үндэслэлээр тагнасан, чагнасан юм бол. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Нарийн асуудлыг прокурор тогтоох байх. Нэг ойлгомжгүй зүйл бий Хууль зүй, дотоод хэргийн сайд нь энэ асуудлыг мэдэхгүй гэж хэлсэн байна лээ. Хууль хяналтын байгууллага нь мөрдөн, шалгаж байгаагаа мэдэгдсэн. Холбогдох хүмүүсийг яллагдагчаар татсан ч салбарын сайд нь мэдэхгүй гэдэг хариултыг өгч байгаа нь хууль хяналтын байгууллагын үл ойлголцлыг харуулж байна. Ер нь сэтгүүлчдийг тагнасан байдал нотлогдох юм бол Монголд сэтгүүлчдийн эрх чөлөө, үгээ хэлэх эрх чөлөөний асуудал үгүйсгэгдэж байгааг нотолно. 

-С.Баярцогтын цагдан хорих хугацаа дуусч байгаа. Асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх болов уу?

-Бүлгийн хэдэн гишүүн эргэлт хийсэн. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдээсэй гэсэн хүсэл байгаа. Хуулийн байгууллага улстөрийн өнцгөөс биш бодит байдлаар хандаасай гэсэн хүлээлт байна.