Хүний юмыг хүч түрэмгийлэн, зодож нүдэж байгаад авч зугтахыг дээрэм гэдэг гэж ойлгодог. Бас энэ үгийг хүчирхэн булаах үйл гэж “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бичигт тайлбарласан байна. Монголын нэг улстөрийн хүчнийхэн баячуудын орон сууц, хаусыг булааж сонгогчиддоо өгөхөөр амлалаа. Өөрсдөө сайн дураараа хөрөнгөө хураалгахгүй бол булаагаад авчихна гэнэ. Зөв дөө. Өгөхгүй бол зодож байгаад аваад өгчихөөрэй.
Ганц нэг хүн хэний хаусыг, хэний байшинг авахаа тооцоолчихсон захиалгаа өгөөд эхэлчихлээ. Би л хувьдаа нэг сайдын 500 саяын амбаарыг авна гэж бодож байгаа. Тансаг хаус, орон сууц биш нэг муу амбаар шүү дээ. Зодуулалгүй, хүч хэрэглүүлэхгүйгээр өгчих байх гэж горьдож байгаагаа энэ дашрамд дуулгая. Монголд хэн баян байна. Хулгайч дээрэмчид л баян байгаа. Төрд нүүрлэсэн хулгай элдэв сан, хүү багатай зээл, тендерээр эхлээд улсаа худалдах хэмжээнд оччихсон. Оюутолгой, Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр ашиг хийж, Америкт олон хаустай болчихсон гүйцэтгэх засаглалын тэргүүн асны жишээ бий.
ЖДҮХС-гаас хүүгүй шахам зээлийг тэрбум, тэрбумаар нь авчихсан түшээд хэдэн арваараа байна. Тэднийг өөрсдийнх нь аргаар дээрэмдээд аль. Зуу дахь насан дээрээ ертөнцийн мөнх бусыг үзэх гэж байгаа улс төрийн хүчний нэрийг дээрэмдсэн хэсэг бүлэг нөхөд дээрмийн аргаар ард иргэдээ орон сууцтай болгоно гэнэ. Чадна аа, та нар. Туршлага гэж нэг юм байгаа л даа. Иргэн би эдлэх ёстой эрхээ дээрэмдүүлээд юу ч болоогүй юм шиг амьдраад болоод л байгаа. Гэхдээ энэ төрийн өнгөнд үхэхээсээ өмнө их сайхан юм үзэх нь. Ээ гялай.