ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Хаянхярваа: “МАНАН-гийн толгойлогч, чамтай ажиллахгүй” гээд зугтаах юм уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-11

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр МАНАН бүлэглэлийн толгойлогчоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нарыг ажилладаг хэмээн мэдэгдсэн юм. Мөн гар хөл бологсодоор нь  Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан, АТГ-ын дарга асан Н.Ганболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нар гэж мэдээлэв. Ингээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай холбогдож “Таван үг” солилоо.

-Таныг МАНАН бүлэглэлийн гишүүн гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй юм даа. Ямар шалгуураар ордог юм бүү мэд. Би уг нь ийм зүйлд огт холбогдож байгаагүй. 

-Бүлэглэлийн толгойлогчоор нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нар ажилладаг гэж мэдэгдсэн. Та энэ мэдээллийг сонссон байх?
-Харсан. Хамгийн сүүлд миний зургийг тавьсан харагдсан.  Гэхдээ Н.Алтанхуягийн юу ярьсан талаар сайн тогтож сонсоогүй.

-Та энэ бүлэглэлийн талаар ямар бодолтой явдаг юм бэ?
-Би бүлэглэлийн талаар сайн мэдэхгүй. Надад ажиллаж, амьдрахад зарчим л хэрэгтэй. Үүнээс хазайж явсангүй.

-Ийм айхтар мафижсан бүлэглэл Монголд хэзээнээс бий болсон юм бэ?
-Мэдэхгүй гэдгээ хэлсэн шүү дээ. МАНАН бүлэглэл гэдэг нь түмэнд суулгах гэсэн санаа. Бодит амьдралд ийм бүлэглэл байхгүй байх.  

-Та М.Энхболд даргатай нэлээд ойр биз дээ?
-М.Энхболд УИХ-ын дарга байсан. Харин би  МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Мэдээж УИХ-ын даргатай бүлгийн дарга нь ажил хэргийн холбоотой ажиллана биз дээ. Түүнээс “Чи МАНАН-гийн толгойлогч. Чамтай ажиллахгүй” гээд зугтаах юм уу. Н.Алтанхуяг өөрөө энэ зарчмыг маш сайн мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нөхөд нь хамт ажиллахгүй гээд огцруулж байсан шүү дээ. 

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ажил хэргийн холбоотой байв уу. Хэр мэдэх вэ?
-Ер нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад огт уулзаж байгаагүй.  Үнэнээ хэлэхэд, нэг шагнал ч гуйж үзээгүй.