ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Танилц: Тэмцэгчийн дүрээр танигддаг ч төрд шургалан сураг алдарсан “ЭХ ОРОНЧИД”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-15

Чөлөөт ахмадын холбооны тэргүүнээр ажиллаж байсан Г.Баасангаар сууриа тавьсан тэмцэгчдийн дүр төрх өдгөө шинэ залуусаар “цус сэлбэж”, тэмцлийн хэлбэрээ улам бүр төгөлдөршүүлж байх юм. Өдөр бүхэн л нэг сэдэв гарч ирдэг өнөөгийн нийгэмд тэмцэгчдэд ярихгүй сэдэв ч гэж алга. Зарим нь зөвхөн нэг сэдвээр дагнаж явсаар албан тушаалд хүрчихээд амаа үдүүлчихнэ. Нөгөө хэсэг нь сэдэв болгон руу үсчдэг ч ахиц дэвшилгүй, нөгөөх л байрандаа үлдэх нь гунигтай. Тэдний сонгодог дүр бол Х.Бат-Ялалт тэргүүтэй хэсэг бүлэг. “ТАН” эвслийн тэргүүн Н.Баярсайхан, “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн, тэмцэгч Өэлүн буюу Л.Өнөрчимэг, “ДМ” нэгдлийн Т.Даш, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, тэмцэгч Ч.Мөнхбаяр гэх мэтээр тууштай тэмцдэг ч албан тушаалаар шагнуулдаггүй “азгүй” хэсэг бүлгийн төлөөлөл өнөөдөр ч сэдэв бүрээр тэмцэж байгаа.

Оюутолгой ярихад тэд л явж байна. Тавантолгойн хувьцаа, Туул гол, Ноён уул, Бороо гоулд, Тост, Тосонбумбын нуруу гэх мэтээр уул уурхайтай сэдэв болгонд уншигч та эдгээр тэмцэгчдийн дүр төрхийг өдөр бүхэн олж хардаг байх. Эсвэл М.Энхболдыг огцруулах, Ц.Нямдоржийг суудлаас нь буулгах гэх мэт улс төрийн тэмцэл бүхэнд оройлон оролцох атлаа хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, шатахууны үнэ, дахин төлөвлөлт, махны үнэ гэсэн өнөөгийн нийгмийн тэмцэх ёстой сэдвүүд дээр хаашаа ч юм алга болчихдог нь хачирхалтай. Харин нөгөө талд нь нэгхэн сэдвээр жил гаруйхан жагсаж гүйгээд л том компанийн ТУЗ-д албан тушаалд морилдог, эсвэл нам дотроо шантааж хийж гүйгээд л даргын албан тушаалд ногоон гэрлээр томилогддог арга зальтай тэмцэгч нар ч олон бий. Юутай ч Г.Баасангийн эхлүүлсэн “тэмцээд албан тушаалд хүрч болдог” гэсэн жишгээс ахмад, залуу, дунд үеийнхэн амжилттай суралцаж, албан тушаалын шатаар ногоон гэрлээр дээшилсээр байх ажээ. Бидний сайн мэдэх С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай нарыг харцгаая. З.Баянсэлэнгэ, Т.Аюурсайхан нарын хэтэрхий азтай сонгодог дүр төрх ч бас бий. Амьдралынхаа мөч бүхнийг, жил болгоныг сэдэв болгоноор тэмцэхэд зориулдаг ч парламентад суудалгүй намын дарга, дэд даргаас хальж чадахгүй яваа Б.Жагар, А.Эрдэнэбаяр, О.Бум-Ялагч нарын төлөөлөл ч өнөөгийн нийгмийн нэгээхэн дүр зураг билээ. Зарим нь салбар бүрээр, эсвэл нэг хүнээр “мэргэшнэ”. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой л тэмцдэг Т.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй л тэмцдэг Ж.Амарсанаа, утаатай л тэмцэж явсан Ц.Пүрэвхүү, шатахууны үнийн эсрэг тэмцдэг “машинтай тэмцэгч” Б.Цэгмид, зөвхөн уул уурхайн том компаниудтай л тэмцдэг хэмээн өөрийгөө сурталчлах Х.Мандахбаяр нарыг нэрлэхгүй өнгөрч болохгүй. Гэвч эдгээр тэмцэгчдийн эцсийн хүсэл, хүрэх ёстой зогсоол нь УИХ-ын гишүүний албан тушаал. Бүгд л ямар нэг аргаар танигдаж, албан тушаалд хүрэх алс хэтийн зорилготой. Түүндээ хүрэхийн тулд сэдэв бүхэн дээр дөрөөлж, хүн бүхэнд таалагдах гэж хичээж яваа ч С.Ганбаатар, Г.Баасангийн зиндаанд хүрч чадаагүй явна, тэд. Ийм л хүмүүс өнөөгийн нийгэмд шударга ёсыг ярьж, шударга байхыг шаардаж байх аж. Илүү олныг нуршихгүйгээр тэртээх 2000 оноос эхэлсэн шударга ёсны төлөөх тэмцэгч ах, эгч нар өнөөдөр хаана юу бүтээж, хэрхэн амьдарч явааг нь уншигч танд хүргэе. 

Г.Баасан: 2005 онд Монголын ахмадын чөлөөт холбоог байгуулж, тэргүүлсэн. Өдгөө АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна.

 

Ж.Батзандан: 2006 онд Иргэний хөдөлгөөний тэргүүнээр ажил­лаж, дараа нь улс төрийн нам бай­гуулсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. ШИНЭ намын дарга.

 

О.Магнай: 2005-2007 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ий тэргүүнээр ажиллаж байсан. Өдгөө АН-д Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. 

 

С.Ганбаатар: 2005-2007 оны дөрөвдүгээр сар хүртэл “Эрс-Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн, 2006-2007 оны дөрөвдүгээр сар хүртэл “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний удирдагч. 2007 оноос МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Одоо МАХН-ын дэд даргын албан тушаал хашиж байна. 

З.Баянсэлэнгэ: МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах жагсаалд оройлон оролцож байлаа. Үүний дараа МАХН-МАҮН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Мөн Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаад өдгөө МАХН-ын Гүйцэтгэх товчоонд ажиллаж байгаа юм. 

 

Г.Уянга: Иргэний хөдөлгөөний тэмцэгчээс УИХ-ын гишүүн болсон. Өдгөө Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөхийн албан тушаал хашиж байна. 

 

 

М.Ичинноров: Хүний эрхийн тэмцэгч. Хожмоо албан тушаал дэвшиж Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албаны даргаар ажиллаж байсан ч өдгөө ажлаа өгөөд байгаа. 

 

 

Г.Арслан: “Шударга иргэдийн фронт” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан. Дараа нь Усан спорт, сургалтын төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд ХБНГУ-ын Берлин дэх Элчин сайдын яаманд техникийн ажилтнаар сонгогджээ. 

 

Д.Батцогт: “Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн”-ээр ажиллаж байсан. Дараа нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол өдгөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллаж байна. 

 

Ц.Пүрэвхүү: “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ыг байгуулсан. Тун удалгүй “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсон.

 

А.Эрдэнэбаяр: “Монголын нам бусчуудын холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн дарга 

 

Т.Аюурсайхан: “Шударга иргэдийн төлөө” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан. Мөн МАН-ын дэргэдэх “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-ын тэргүүнээс УИХ-ын гишүүн болж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. 

 

С.Жавхлан: “Хамаг Монгол” төслийн удирдагч, “Гал үндэстэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. 

 

 

Х.Мандахбаяр: “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүнээр ажиллаж уул уурхайн тэмцэгчийн дүрээр гарч ирсэн. Энэ албаныхаа хажуугаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч, “Эрхэт Монгол” группын тэргүүнээр ажиллаж байгаа. Өмнөговь аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж буй. 

 

Ц.Оюунгэрэл:  Хүний эрхийн тэмцэгч, 2000-2004 онд “Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2007 оноос эхлэн өнөөг хүртэл “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүнээр ажилласан. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Харин одоо “Жорлонгоо өөрчилье” төслийг эхлүүлжээ. 

Б.Мягмар: Монголын эмнэлгийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажилладаг. Хоёр жилийн өмнө МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдсөн ч ялагдсан.

 

Т.Энхсайхан: Хуульзүй, дотоод хэргийн сайдыг огцруулна хэмээн тэмцэж буй Т.Энхсайхан нь Төв аймагт нэр дэвшин ялагдаж байсан. АН-ын ҮБХ-ны гишүүн бөгөөд 2020 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байна. 

 

Б.Жагар: 2013 онд “Далд хүн” ТББ, 2014 онд “Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн” ТББ-ын Ерөнхий зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Харин 2016 онд МАХН-д элсэж, Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд даргаар ажиллаж байлаа. 2019 онд Монголын төв намыг үүсгэн байгуулж, дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан ч бүртгэхээс татгалзсан юм.