“Хүүхэд хамгаалагч” төслийн явц, хүүхэд хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын газраас болон бусад албаныхан өчигдөр мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллага гудамж талбайд үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд “Хүүхэд хамгаалагч” төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд хамгаалагчаар ахмад настнууд ажилладаг бөгөөд улсын хэмжээнд 195 хүүхэд хамгаалагч ажиллаж байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэллээ. Мөн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 4.5 хувиар буурчээ.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг дийлэнх тохиолдолд сургууль, гэр, гудамж талбайд болж байгаа учраас “School police” төслийг хэрэгжүүлж буй. Уг үйл ажиллагааг үргэлжлүүлэн “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх мэдээлэл өгч, гудамж талбайд аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа. Үе тэнгийн хүүхдүүд бие биенээ дарамтлах, дээрэлхэх зэргээс үүдэн гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдэхэд хүүхэд хамгаалагч нар газар дээр нь таслан зогсоож байгаа ажээ. Тухайлбал, нийслэлд 133 хүүхэд хамгаалагч ажиллаж, дээрэм, зам тээврийн осол гэх мэт 63 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоож чаджээ. Энэ талаар албаныхан байр сууриа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа:
-Ерөнхийлөгч 2019 оны 60 дугаар зарлигаар 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Хүүхэд хамгаалагч” төсөл юм. Төслийг 2019 оны тавдугаар сард нийслэлийн хоёр дүүрэгт туршилтын журмаар хэрэгжүүлэхэд тодорхой үр дүнд хүрсэн учраас 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлмэгц төслийг дахин хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүд болон газар байршлын жагсаалтыг гаргаж, олон нийтийн эргүүл хяналт тавьж байгаа. Эргүүл хяналтын ажилд боловсрол, батлан хамгаалах салбараас тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг сонгон ажиллуулж байна. Хүүхэд хамгаалагч нар ажилласны үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үр дүнтэй байгааг хэллээ. Тиймээс цаашид хүүхэд хамгаалагчдаас гадна иргэд, олон нийтийг татан оролцуулах хэрэгтэй гэдэгт бид санал нэгдэж байгаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар:
-Гудамж талбайд гэмт хэрэг үйлдэж, хүүхэд хохирогч болсон тохиолдолд хүүхэдтэй хамгийн түрүүнд хүүхэд хамгаалагч харьцаж байгаа учраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүүхэд хамгаалагчдад сургалт явуулна. Гэмт хэрэгт өртсөн, сэтгэл зүй нь тогтворгүй байгаа хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрхэн харьцах талаар анхан шатны мэдлэгжүүлэх сургалтыг удахгүй эхлэх сурагчдын амралтын үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
...Нийслэлийн хороодын бүтэц өөрчлөгдөж, 160 гаруй хороотой болсон. Мөн хүүхэд хамгаалагчид эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон гэх мэтээс үүдэн хүүхэд хамгаалагч нар дутагдалтай байгаа аж.