БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн оюутнуудад зориулж, есөн тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод дотуур байр барина гэж байна. Тухайлбал, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал зэрэг сумын оюутнуудын дотуур байрыг нийслэлийн Хан-Уул дүүрэгт барихаар 2020 оны төсөвт салбарын сайдын багцад тусгажээ. Энэ талаар түүнтэй “Таван үг” солилоо.
-Архангай аймгийн оюутнуудад зориулж, нийслэлд дотуур байр барина гэж 2020 оны төсвийн сайдын багцад багтжээ. Үнэхээр барих юм уу?
-Өнгөрсөн жил энэ талаар УИХ-ын гишүүдээс нь санал авч төсөвт суулгасан. Тухайлбал, дотуур байр, сургууль, соёл, спортын байгууллага миний багцад байдаг. Тухайн тойргоос сонгогдсон гишүүдээс тодорхой саналууд гараад, улсын төсөвт тусгагдаад батлагдсан юм.
-Та ийм зүйл санаачилсан юм уу. Энэ таны 2020 оны сонгуулийн амлалт уу?
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилсан дотуур байрны төсөл миний багцад байгаа юм. Сайдын мэдлийн асуудал.
-Улаанбаатар хот төвлөрлийг бууруулах гэж хичээж байна. Тийм байхад УИХ-ын гишүүд энд тэндгүй оюутны байр бариад явах нь хэр зохистой вэ?
-Анх удаа ийм зүйл ярьж байгаа болохоор содон байгаа байх. Оюутны байрыг төсвөөс барьдаг жишигтэй шүү дээ. Дотуур байрыг аль нэг сургуулийн харьяанд өгнө.