ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Залуу сэтгүүлч М.Уянгын хагалгаа амжилттай болжээ

O.Admin
2019-10-25

Сэтгүүлзүйн салбарт 10 гаруй жил ажиллаж яваа залуу сэтгүүлч бүсгүй бөөрний архаг дутагдалд орж, бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь халтай гэсэн харамсалтай мэдээллийг бид сарын өмнө хүргэж байсан билээ. Улмаар түүний бөөр шилжүүлэх суулгах хагалгаанд оруулахад шаардлагатай 120 сая төгрөгийн эмчилгээний зардлыг олохын тулд мэргэжил нэгт нөхөд нь хандивын аян өрнүүлж, салбар дотроо ч хандивын ажил эхлүүлсэн.

Ингээд хагалгааны төлбөр бүрдсэн учраас сэтгүүлч бүсгүй БНСУ-ыг зорьж, донор ижилсүүлэх эмчилгээнд орж, төрсөн ахынхаа бөөрийг донор болгохоор болсон юм. Тэгвэл сэтгүүлч бүсгүй М.Уянгын хагалгаа амжилттай болсон сайхан мэдээг уншигч танд хүргэж байна. Түүний хань зураглаач Ц.Ариунболд энэ талаар нүүр номондоо мэдээлэл оруулжээ.

Тэрбээр, “Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан өдөр өчигдөр тохиож, эхнэр маань Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хийлгэлээ. Гардан удирдсан эмчийнх нь хэлж байгаагаар хагалгаа маш амжилттай болсон гэсэн юм. Олон хүний ерөөл буянаар манай гэр бүлийн цаашдын амьдрал гэрэл гэгээтэй боллоо. Аз жаргал бялхсан энэ өдрүүд дээр баяр нэмж ББДХ-ны ерөнхийлөгч Ч. Даваабаяр, эхнэр Мөнхжаргалын хамтаар холоос биднийг зорин ирж ханийн минь ETV телевизийн хамт олны сэтгэлийн үгтэй захиаг , МOGOL үндэсний брэндийн хамт өгч , өөрсдөө хувиасаа дахин мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байсны ачаар миний хань М.Уянга хөл дээрээ босч, гэрэл гэгээтэй амьдрал ѳѳд алхах боллоо. Баярлалаа та бүхэндээ" хэмээжээ. Сайхан сэтгэлт монголчуудын сэтгэлийг их өглөг буянаар сэтгүүлч бүсгүй дахин салбартаа ажиллах, нэгэн гэр бүл элэг бүтэн амьдрах боломж бүрдлээ. Монгол түмэндээ баярлалаа.