Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөөдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул хальтиргаа, гулгаа үүсэж, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын зарим нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 4-9 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтгээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.