Өмнө минь Говь-Алтай аймгийн “Бугат сумын Бага нэвтэрхий толь” хэмээх ном дэлгээтэй байна. Энэ номыг эргүүлж суух нь ээ зохиогч нь нэгэн танил эрхэм болоод явчихлаа. Тэр эрхэм Дамдинсүрэнгийн Хувцагаан хэмээх ахмад багш аж. Миний хувьд Д.Хувцагаан гуайг оёдол, нэхмэл хийдгээр нь л мэдэх юм. Гэтэл тэрбээр бас ном туурвигч ажээ. Ингээд Хувцагаан багшийг хайсаар утас, хаягийг нь олж аваад уулзлаа.
“Таны тухай сонинд бичнэ” хэмээвэл, тэр хэрхэвч таалахгүй гэдгийг би багцаа мэднэ. Гэсэн хэдий ч ур, урлал ярьсаар яриа дэлгэрч, улмаар түүний эгэл хэр нь эгэлгүй амьдралын тухай багахан хэсгийг ч болов яриулж дөнгөлөө.
Тэртээ 1930-аад оны үед Алтайн хөх харчуудын нэг Дамдинсүрэн цэргийн албанд мордсон ч халагдалгүй албаа хаасаар долоон жилийг үджээ. Яг халагдахын толгой дээр хэлмэгдэлтийн шуурганд өртөж, шорон оронгоор орж байж. Ёстой л үйл тамаа үзсээр явж ял мултарч гарсан гэдэг. Шоронгоос гарч хот хүрээнд Цахилгаан хорооны газарт ажилд орсон боловч Алтай нутгаа санасаар нутагтаа хүрчээ. Эр цэргийн алба хаасан, элдэв зовлон үзсэн гоонь эр өөрөөсөө 10 насаар дүү үзэсгэлэнт сайхан бүсгүйтэй ханилсан нь Д.Хувцагаан гуайн ээж байжээ.
Д.Хувцагаан гуай ээж, аав хоёрынхоо тухай ярихдаа, “Би чинь ээжийнхээ 19 настай байхад их л зовоож төрсөн юм гэнэ лээ. Миний аав, ээж хоёр их сайхан хүмүүс байсан юм. Даанч их залуугаараа мөнх бусыг үзүүлсэн дээ. Би Зөөлөн богд хэмээх газар төрсөн юм шүү дээ. Манай Зөөлөн богд Аж богдынхоо баруун талд байдаг. Бугат сум, Алтай сум хоёрын завсрын нутаг л даа. Дээр үед нутгийн зааг гэж ямар нэг сүртэй зүйл байсан биш. Аав ээж хоёр минь их ажилсаг, малч хүмүүс байсан юм. Аав минь нутагтаа очоод багийн дарга хийсээр байгаад өөд болсон юмдаг.
Тэд маань аравхан жил хамт амьдарсан юм билээ. Намайг долоохон настай байхад ээж өөд болж, аав минь улаан цурав шахав дөрвөн хүүхэдтэй үлдсэн юм. Надаас доош гурван дүү маань бий. Ээжээс хойш аав минь гуравхан жил болоод бас л өөд болсон. Шорон, оронгоор явж олон жил зовлон амссаных байх даа, муу аав минь өвдсөөр байгаад л өнгөрч билээ. Ингээд бид дөрөв аавын ээж хөгшин дээр үлдсэн. Бидний аз дутахад хөгшин ээж минь бас гуравхан сарын дараа бурхан болсон юм. Ингээд биднийг гэх хүн үндсэндээ авга ах, нагац ах хоёроос өөр хүн үлдээгүй хэмээн хуучиллаа.
Д.Хувцагаан гуай эрэгтэй дүүтэйгээ авга ахындаа, харин хоёр эмэгтэй дүүг нь нагац ах нь өөр дээрээ авч үндсэндээ хорвоогийн хатуу амьдралыг нялххан багаасаа амсаж эхэлсэн дээ гэсээр гүн гэгч санаа алдаж билээ. Аав ч үгүй, ээж ч үгүй үлдсэн дөрвөн жаахан хүүхэд авга, нагац дээрээ малтайгаа таслагдаад хуваагдсан түүх ингэж л эхэлсэн гэдэг.
Авгынх нь өөрөө мал хуй ихтэй байсан болохоор Дамдинсүрэн агсны малыг айлд тавьжээ. Д.Хувцагаан гуай дөнгөж дөрөвдүгээр анги төгсгөөд цааш суралцах гэтэл авга ах нь сургуулиас гаргаж, айлд байсан малыг нь маллуулжээ. Тэрбээр, “400 гаруй дан төллөх хонь нэг жил хариулсан. Ээ дээ мөн ч амаргүй байсан даа” хэмээгээд цааш нь, “Тэгэж байтал 1955 онд нэгдлийн тухай яриа энд тэндгүй сонсогдох боллоо. Дээр үед намын “Үнэн” сонинг албан журмаар тараадаг байлаа. Багийн дарга ч юм уу нэг хүн л тараадаг байсан байх.
Түүнийгээ тараасан ч юмгүй нэг айлд аваачаад хаячихна. Түүгээр нь айлын авгай хүүхнүүд аягаа арчаад, галаа асаана. Түүнээс нь би авч уншина. Хонинд явахдаа өнөө сонинг авч уншихдаа анх нэгдлийн тухай мэдээлэл авсан юм. Тэр үед албан журмаар өсгөн нэмэгдүүлэх гэж нэг сүрхий татвар авдаг байв. Жишээ нь, манайх 100 хоньтой байхад ирэх жил 50 нэмэгдэнэ гээд хамаг л арьс, үс, мах юу байгаа бүхнээ 150 хониор тооцож авна гэсэн үг л дээ. Нэг ёсондоо. Өсгөн нэмэгдүүлэх татвар гэдэг бол тухайн үедээ ард иргэдийг ёстой туйлдуулсан гэж би боддог. Ер нь малчид бараг л энэ ялтай малнаас салахсан гэж бодож байсан байх шүү.” гээд Д.Хувцагаан гуай цааш нь ийнхүү хуучлав.
“Улсын аварга сайн малчин Гаадангийн Чойжил гэдэг нутгийн мундаг малчин анх манай суманд нэгдэл байгуулах санаачилга гаргасан юм. Ингээд нэгдэл байгуулна хэмээн анх удаа хурал хийв. Гэтэл “хурлын хамаг л бичиг баримт нь хүчингүй болсон” гэнэ гээд дахин хурал зарладаг юм байна. Анхны хуралд нь ч, дараагийнхад нь ч авга ах минь намайг явуулсан юм. Анхны хурал хүчингүй болсон шалтгаан нь хэд хэд байсан гэдэг. Жишээлбэл, ямар нэртэй нэгдлийг хэдэн гишүүнтэй, ямар хөрөнгө чинээтэй, хэдий тооны малтай байгуулах гэх мэт олон зүйлээ тодорхой бичээгүй байсан учраас эхний хурлын материал хүчингүй болсон юм билээ.
Харин хоёр дахь хурал дээр ёстой дэлгэрэнгүй сайхан ярьцгаасан. Нэгдэлдээ нэр өгнө хэмээн хүмүүс олон нэр хэлсэн ч, миний хэлсэн нэрийг баталсан. Тэр нэр нь “Социализмын зам”. Би ч үнэндээ нас бага, дээр нь мал маллахаас үнэндээ л “залхсан” байсан даа. Тэгээд л өнчин ишиг ч авч үлдэлгүй бүх малаа нэгдэлд өгсөн. Дээр нь бүрэн хэрэглэлтэй таван ханатай гэр, ээжийнхээ хоёр цоохор авдрыг хүртэл нэгдэлд нийгэмчилсэн дээ. Харин аав ээжгүй өнчин бид дөрвийг харж хандаарай гэж хэлэх ухаанаа яаж олсон юм, тэгэж хэлсэн дээ” хэмээв.
Ингэж л Говь-Алтай аймгийн Бугат сумын “Социализмын зам” нэгдлийг байгуулалцаж тооныг нь түшилцэж, тулганы галыг нь асаалцсан нь Монгол улсад байгуулагдсан анхны нэгдлүүдийн нэг байж. Сум нэгдлээс харж үзэн Дамдинсүрэн гуайн дөрвөн өнчин хүүхдийг сумын төвд дотуур байранд суулган, сургуульд суралцуулж эхлэхэд Д.Хувцагаан гуай 15 нас хүрсэн байжээ.
“Ээж минь нас бараад нэг жил, аав өвчтэй учир аавыгаа асраад бас л нэг жил, дараа нь хонио маллаад эрдэм сурах гурван жилээ алдсан юм шүү дээ” гэж тэрбээр ярина. Тэрбээр цааш нь “Артелийн хийсэн хөвөнтэй дээл, өмд, дотуур цамц гэх мэт хувцсыг улсаас бидэнд өгч билээ. Удалгүй Төгрөг сумын сургуульд сурч долдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд хуваарилагдан 1958 онд Архангай аймагт ирсэн юм. Дүү минь ХАА-н техникумд суралцан малын эмч болсон. Бид хоёр 5-7-р ангидаа нэг ангид хамт сурсан юм шүү дээ /инээв/. Багш хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшсэн минь миний амьдралын хамгийн нандин үеийн эхлэл байсан даа” хэмээв.
Архангайн багшийн сургуульд сурч байхдаа анхны хайртайгаа учирч түүнтэйгээ айл гэр болжээ. Тэд 1958-2008 оны хооронд хагас зуун жил хамтдаа амьдраад таван сайхан хүүхдийн ээж, аав болсон юм. Харамсалтай нь хань нь 2008 онд өөд болж, түүний хувьд хүндхэн цохилт болсон байна. “Багшийн сургууль төгсөөд Төгрөг, Бигэр, Халиун, Бугат суманд багшилсан даа. Өвгөн минь математикийн багш хүн. Хаана л математикийн багш дутагдалтай байна тэнд л явж багшилсан. Миний хань Түмэн-өлзийн Рагчаа гэж халамжтай сайхан хүн байсан даа. Хичээлийн эрхлэгч их олон жил хийсэн. Хүүхдүүдийн маань том нь одоо 60 шахаж явна. Бид дөрвөн хүү, ганц охинтой. Ач, зээ нар олуулаа болсон.
Бүгд л дээд мэргэжилтэй болцгоосон. Эмч, инженер, хуульч гээд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болоод л явцгааж байна. Хүүхдүүдээ зөв сайхан хүн болж өссөнд л сэтгэл дүүрэн явдаг даа” гэсээр Д.Хувцагаан гуай инээмсэглэж суух. Тэтгэвэрт гараад 30 гаруй жил болжээ. “1990 онд та олон хүүхэдтэй байна, бас ч гэж 30 жил ажиллачихаж гэсэн юм ярьж, ид сайхан насанд минь тэтгэвэрт гаргасан даа. Уг нь бие нь гүйцэж байвал ахмадууд бид чинь бөөн туршлага, мэдлэг шүү дээ” гэлээ.
Тэрбээр тэтгэвэрт гараад ч зүгээр суусангүй. Нэг хэсэг сумандаа мал маллажээ. Харин өдгөө нийслэлд тухалсан. Д.Хувцагаан багш өндөр настай боллоо гээд зүгээр суусангүй ном бичиж, шинэ төрлийн урлалд суралцаж, сурсан мэдсэнээ бусдад зааж сургаж явна. Тэрбээр сүүлийн жилүүдэд “Бугат нутгийн минь сүүтэй бурхад”, “ Үүргэнэ”, “Бугат сумын бага нэвтэрхий толь” зэрэг хэд хэдэн ном туурвижээ.
Ажилч хичээнгүй энэ буурлыг сүүлийн үед хүүхдүүд нь “эрхлүүлж” байн байн газар орон үзүүлж, галуу шувууны махан зоог бариулж буй гэнэ. Тэрбээр анх гадаад явж байсан тухайгаа ийн дурсав. “Нэг хүүгээ анх орост сургуульд сурч төгсөхөд 1985 онд Орос явсан. Хүү минь Новосибирскэд сурч төгсөөд, аав ээжийгээ урилаа. Яг тийшээ явдаг дээрээ тултал сумаас тодорхойлолт авна. Дараа нь аймгийн Гэгээрлийн хэлтсээс, тэгээд Гэгээрлийн яамнаас тодорхойлолт авч байж явдаг байлаа шүү дээ. Өвгөн бид хоёр хамт явж чадаагүй хойно урдаа ороод л очсон. Улаан талбай үзэв. Анх л гадаад явж буй нь тэр. Тэр үед тийм л хатуу дэг журамтай байж. Гэтэл одоо гадаад паспорттой л бол виз шаарддаггүй орнууд руу хэд л бол хэд явж болдог болсон байна шүү дээ. Хүүхдүүдийнхээ буянаар Бээжин, Япон, Тайланд Индонез, Вьетнам, Хонг-Конг гээд газар орон үзэж өтлөх насандаа жаргаж л явна даа” хэмээсээр бидний яриа өндөрлөлөө. Өсөх насандаа үзсэн зовлон бүхнийгээ өөрийг нь сорьсон сорилт байсан даа хэмээн хэлж өөрийгөө өтөл болсон гэлгүй сурч, бүтээхэд зориулж буй буурал багшид талархая.