Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид болон Гадаадын иргэн харьяатын газар хамтран энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Юнион бюлдинг” оффисын байр болон, гурван дүүрэгт байрлах “Ориентал”, “Кентавр”, “Амар” зэрэг зочид буудлаас 740 гаруй хятад иргэдийг баривчлав. Хэдийгээр олон нийтэд ил буюу хэвлэл мэдээлэл дагуулан очсон учраас “гүйцэтгэх ажиллагаа” биш, зохион байгуулалттай баривчилгаа хэмээн мэдэгдэж байгаа ч эдгээр иргэд юуны учир олноор ирсэн, мөн яагаад өндөр хүчин чадал бүхий компьютер, сүүлийн үеийн гар утсыг олон мянгаар нь ашиглаж байсан нь анхаарал татаж буй. Баривчилгаа бүтэн шөнөжин үргэлжилж, өглөө 07.00 цаг өнгөрч зогссон юм. Мөнхүү хятад иргэдийн тоо нэмэгдсээр байсан бөгөөд дугаар шилжих мөчид 800 орчим хятад иргэнийг саатуулж, зочид буудлуудад нь хөл хорио тогтоов. Харин энэхүү иргэдийг зохион байгуулж байсан гэх БНХАУ-ын дөрвөн иргэнийг “Шангри-Ла” зочид буудлаас саатуулан баривчилж, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байцаалт явуулжээ. Мөн Монголын нэг иргэн ч зохион байгуулалтад оролцсон байна.
АН: Илт гүтгэсэн, ор үндэсгүй мэдээлэл тараалаа
Бүтэн шөнөжин үргэлжилсэн байцаалт, баривчилгаа, саатуулах ажиллагааны дараа 08.00 цагаас Засгийн газар хуралдлаа. Хэдийгээр хуваарь ёсоор ээлжит хуралдаанаа хийсэн ч хаалттай хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархлаа. Мөн эдгээр хятад иргэд хэн байсан тухай дор бүрнээ таамаг өрнүүлэв. Тухайлбал, нэр бүхий сайтууд эдгээр иргэд бол АН-ын дарга С.Эрдэний захиалж авчирсан троллууд байсан. Тэдний буудал, байрлах газар зэргийг АН-аас санхүүжүүлсэн гэх мэдээлэл түгээсэн юм. Харин АН-аас тэр даруйд няцаалт хийсэн мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдэгдэлд “Илтэд гүтгэсэн, ор үндэсгүй бохир мэдээллийг тодорхой мэдээллийн сайтууд тарааж эхэлсэн нь захиалгатай гэж үзэхээр байна. Сөрөг хүчин рүү дайрсан мэдээллийг захиалгатайгаар тарааж суугаа нь туйлын харамсалтай бас ичгэвтэр юм. АН, Хятад иргэдээр Монголын соошл орчинд коммэнт бичүүлэхийн тулд Монголд авчирсан гэх гүтгэлгийн мэдээллийг бичсэн сэтгүүлчдийг шүүхэд өгч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэлээ. Мөн Хонкгонгийн эсэргүүцлийн жагсаалын соошл багийнхан Монголд ирж ажиллаж байгаа гэх таамаг ч өрнөж байлаа. Өглөөнөөс хойш цахим орчинд өрнөсөн эдгээр таамгуудад хариулт өгөх хүн олдоогүй. Цагдаа, тагнуул, Гадаадын иргэн харьяат гээд бүх байгууллагууд Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгнө хэмээв. Ийнхүү олон янзын таамаг өрнөсөөр 13.00 цагийн орчимд Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв. Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ. Тэгэхээр эдгээр цаг үеийн асуудлаа эхлээд хэлэлцэх учраас нэлээд хугацаа шаардаж байна. Үргэлжлүүлээд өчигдөр шөнө баригдсан гэх хятад иргэдийн асуудлаар холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонсоно. Одоогоор 740 гаруй хятад иргэдийг баривчилсан. Цахим гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн учраас Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм билээ. Та бүхэн хүлээцтэй байна уу. Гадуур улстөржүүлж, буруу ташаа мэдээлэл яваад байна. Бид хуралдаан дууссаны дараа илүү тодорхой мэдээлэл өгнө” гэлээ.
Д.Гэрэл: Хууль бус мөрийтэй тоглоом, мөнгө угаах гэсэн оролдлого байж болзошгүй
Хэвлэлийнхэн удтал хүлээсний эцэст 15.00 цагийн орчимд албаны эх сурвалжуудтай уулзаж чадлаа. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөхөөр орж байсан Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржав нараас тодруулга авч чадав. Д.Гэрэл дарга ярихдаа эдгээр иргэдийг саатуулаагүй, зөвхөн толгой гурван хүнийг баривчлан байцаалт авч байгаа гэсэн мэдээлэл өгөв. ТЕГ-ын дарга Д.Гэрэл ярихдаа “Мянга орчим иргэдийг хэрхэн ажиллуулах вэ гэдгээ судлаад, наймдугаар сараас хойш оруулж ирсэн юм билээ. Бүгд жуулчны болон бизнесийн журмаар манай улсад орж ирсэн атлаа хөдөлмөр эрхэлж байсан гэж үзсэн учраас шууд албадаж гаргана. Зохион байгуулалтад оруулсан гэх дөрвөн хятад, манай улсын нэг иргэнийг саатууллаа. Бусад нь байрлаж байсан таван зочид буудалдаа байгаа. Нэг дор 800 хүнийг саатуулах боломж байхгүй шүү дээ. Наймдугаар сараас хойш бид мэдээллээ солилцож, нөхцөл байдлыг ажиглаж байлаа. Гэтэл ес, аравдугаар сард эхлээд 80 хүн, дарааллаад энэ тоо өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулсан хүн нь байцаалтаа өгч байна. БНХАУ-ын болон Монгол нэг хүн байсан. 1000 орчим компьютер, зөвхөн гар утасны сим гэхэд 10 мянгыг ашиглаж байсан нь тогтоогдлоо. Бүрэн хяналтад авлаа. Айдас төрөх асуудал байхгүй. “Цахим орчинд орж ирэх нь ээ” гэдэг мэдээлэл авсан учраас л бид оролцсон. Батлагдаж байгаа нөхцөл байдлаар бол мөнгө угаах, хууль бус мөрийтэй тоглоом явуулах гэж байсан юм билээ. Үүнийг эцэслэж, тогтооно. Компьютерийн хардуудыг ТЕГ болон ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байгаа. Журам ёсоор бол нэг иргэн гурваас дээш сим ашиглаж болохгүй, бүртгэнэ гэсэн журам бий. Үүнийг хууль болгох асуудлыг ярьж байна. Үүрэн холбооны ямар компаниуд байсан талаар мэдээлэл өгч чадахгүй байна” гэлээ.
Хятад эзэнтэй зочид буудлуудад байрлаж байжээ
Бид мэдээллийг олон талаас нь бэлтгэн хүргэх үүднээс эдгээр олон тооны иргэдийг байрлуулж байсан гэх зочид буудлуудтай холбогдов. “Юнион бюлдинг” компаний үүдний жижүүрийн хэлж буйгаар тус байгууллага нь оффис түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж. 500-гаар нь хүн баривчлаагүй бөгөөд оффисын өрөөнд байсан цөөн хэдэн хүнийг баривчлан явсан гэдэг тайлбар өгч байв. Мөн шөнө баривчилгаа явагдаж байх үеэр тус оффисын захирал гэх хүн 180 орчим хятад иргэд түрээсэлдэг гэсэн мэдээлэл өгсөн билээ. Харин, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Амар” зочид буудлын 881050...., 805399... гэсэн дугаарт холбогдон мэдээлэл авахыг хүссэн ч “Мэдэхгүй” гэсэн ганцхан хариулт хэлээд утсаа таслав. Харин, Баянзүрх дүүрэгт “Өгөөмөр” захын хажууд байрлах “Ориентал” зочид буудалтай холбогдохыг хүссэн ч бүх утаснууд нь “биш” хэмээн таслах нь тэр. Харин мэдээллийн 19001950 дугаарт тус зочид буудал “татан буугдсан” хэмээн мэдээллээ үлдээхээс татгалзжээ. Гэвч, бид сураг ажиг тавьсны үр дүнд эдгээр буудлууд бүгд хятад эзэдтэй гэдгийг мэдсэн юм. Тухайлбал, “Ориентал” зочид буудлыг БНХАУ-ын харьяат, эхнэр нөхөр хоёр ажиллуулдаг гэлээ. Баривчилгаа явагдаж байхад үүдэнд байсан цагаан өнгийн “Alphard” маркийн автомашин нь буудлын эзэн болох эхнэр, нөхөр хоёрын машин аж. Мөн тус буудлыг ажиллуулдаг хятад нь Монголын уул уурхайн салбарт ч үйл ажиллагаа явуулдаг нэлээд бэлтэй нэгэн бололтой. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Кентавр” зочид буудал нь мөн л хятад эзэнтэй байж болзошгүй байгаа юм. Эдгээр зочид буудлууд бүгд хятад ресторантай байгаа нь сонирхол татаж байв. Бид тус буудлын 701327..,952888... гэсэн дугааруудад холбогдож тодорхой мэдээлэл авахыг хүсэв. Эхэндээ “Хариуцаж байгаа хүн нь 20 минутын дараа орж ирнэ, удахгүй залгаарай” хэмээн цаг хожиж байсан ч эцэстээ “гадуур ажилдаа учраас ирэхгүй” хэмээн утсаа таслав. БНХАУ-ын маш олон иргэд Монголд бизнес эрхэлдэг. Хуулиар хорилоогүй л бол тэдний юу хийж, ямар салбарт бизнес эрхлэх нь тийм ч чухал биш. Гэвч, эдгээр буудлын эзэд бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг байр, хоолоор хангаж, буудлаар үйлчилж, тэр ч байтугай өндөр технологи бүхий компьютерийн лаборатори байгуулахад нь тусалсан учраас шууд болон шууд бус утгаар буруутай юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржав эдгээр буудлуудад хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв.
Юнител: Дугаарууд бүртгэлтэй, хяналттай болсон
Цахим гэмт хэрэгтнүүдийг баривчлан саатуулсны дараа цагдаа болон тагнуулын албан хаагчид буудлуудад байсан эд мөрийн баримт, хард диск зэргийг хураан машинд ачсан байдаг. Эдгээр сэжигтэй этгээдүүд хамгийн сүүлийн үеийн компьютер болон гар утастай байсан бөгөөд Монголын үүрэн холбооны оператор компаниудын 10 мянга орчим симтэй байсан гэдэг мэдээлэл гарч буй. Тэгэхээр жуулчны визээр ирсэн гадны иргэд нэг дор тийм их хэмжээний сим худалдан авч байхад оператор компаниуд шалгасан уу, мөн сэжигтэй байвал хууль хяналтын байгууллагад мэдэгддэг үү гэдгийг тодруулахаар оператор компаниудтай холбогдов. Үүрэн холбооны үндэсний оператор “Юнител” компанийн Мэдээлэл, технологийн хэлтсийн Пиар хариуцсан мэргэжилтэн н.Батгэрэл “Манай компанид одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсоор хандсан зүйл алга. Засгийн газраас өнгөрсөн онд тогтоол гаргаснаар бүх дугаарын бүртгэлжүүлдэг болсон. Наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн байх аа. Өмнө нь бол онлайнаар гэх мэтээр нэг хүн хэдэн ч дугаар худалдан авч болдог байсан. Харин одоо бол хяналттай, бүртгэлтэй болсон. Гадны иргэд олноор дугаар худалдаж авсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдэгддэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Би тодруулаад эргэж тантай холбогдоё” хэмээв. Харин “Мобиком” корпорацийн зүгээс “Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хуулийн зургадугаар бүлгийн 25.2.11-т “Хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх” хэмээн заасны дагуу болон Харилцаа холбооны зохицуулах хорооны журмын дагуу “Мобиком Корпораци” ХХК нь мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээний үзүүлдэг. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг чандлан мөрдөн ажилладаг. Уг үүргийнхээ дагуу хэрэглэгчийн бүртгэлийг бүрэн хангасны үндсэн дээр дугаар олгодог болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ. Харин “Скайтел” компаний оффисын лавлах ажилтантай холбогдож, ямар хүсэлтээр холбогдож буйгаа хэлсэн ч “Эргээд залгуулна. Та утсаа үлдээчих” хэмээсэн ч дахин, дахин залгаад ч утсаа авсангүй.
Нэг бүр нь 5-6 сая төгрөгийн үнэтэй компьютер ашиглаж байсан уу
Цахим орчинд эдгээр иргэдийн ашиглаж байсан компьютер, гар утасны зураг тархахтай зэрэгцэн нэг бүрийнх нь үнэ, хүчин чадал ч тодорхой болов. Гар утас гэхэд л дандаа сүүлийн үеийн “Samsung”, “Huawei”, “iPhone” загварын утаснууд байлаа. Харин компьютер нь “Intel i9-9900k процессор, найман коортой 5.0GHz хурдтай” бөгөөд асар хурдтай компьютер” гэсэн мэдээлэл гарчээ. Мөн нэг бүр нь зах зээлд монгол мөнгөөр 5-6 сая төгрөгөөр зарагддаг гэхээр өндөр хурдтай технологи ашиглаж, хүчин чадалтай, өндөр багтаамж бүхий гар утасны сүлжээгээр энэ бүхнийг зохион байгуулахаар бэлтгэж байсан нь тодорхой юм. Мөн зохион байгуулалттай хөдөлсөн эдгээр иргэдийн явуулахаар бэлтгэж байсан “цахим мөрийтэй тоглоом” гэж юу болох талаар уншигчиддаа мэдээлэл хүргэе. Та онлайнаар таван өөр хүнтэй тоглож байна гэж боддог ч нэг л хүнтэй тоглож байдаг аж. Энэ тохиолдолд та мөнгөө алдана. Бусадтайгаа адилхан хожигдоод байгаа мэт боловч та нэг л хүнд хожигдож байна гэсэн үг юм. Энэ төрлийн гэмт хэрэгт БНХАУ-ын иргэд маш их холбогддог бөгөөд 2010 оноос хойш эрчээ авчээ. Компьютерийн өндөр мэдлэгтэй залуус хууль хяналтын орчин сул улс орнуудад энэ мэт гэмт хэргийг үйлддэг байна. Филиппин, Камбож, Фижи зэрэг улс орнуудаас гадна Монгол Улс тэдний онилсон дараагийн бай болов. Манай улсад ч цахим мөрийтэй тоглоомыг хянах, хязгаарлах, хариуцлага тооцох хууль эрхзүйн орчин сул гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр жиргэжээ. Мөн БНХАУ-ын кибер бүлэглэлүүд манай улсын төрийн байгууллагуудын мэдээллийг хакердсан байж болзошгүй гэсэн мэдээллийг өмнө нь ОХУ-ын “Kaspersky” компанийн судалгаанд дурдсан байсан, энэ тухай мэдээллийг манайд явуулсан ч цахим орчны хяналтаа чангатгаж чадаагүй талаар нэр бүхий сайтууд ч мэдээлэл түгээв. Үүнээс гадна хуурамч лайк, хуурамч рейтинг зэргийг бүтээгдэхүүн үйлчилгээ, гар утасны аппликейшн зэрэгт хийж, түүгээрээ мөнгө олдог бүлэглэл буюу “Click Farm”-ын нэг тохиолдол өрнөв үү гэх мэтээр олон таамаг өрнөлөө. Эдгээр иргэдийг шалгаж дуусах хүртэл асуудал тодорхой болохгүй билээ.
Д.Мөнх-Эрдэнэ: Визийг Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун хариуцдаг байсан
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээс харвал эдгээр иргэд бүгд жуулчны 30 хоногийн визтэй Монголд орж ирсэн нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, 500 гаруй нь жуулчин, 100 гаруй нь бизнес ангиллын визээр нэвтэрчээ. Эдгээр иргэдийн олонхи нь Хөх хот дахь Консулын газраар дамжуулан виз авсан гэх мэдээллийн мөрөөр бид тус улсад Консулаар сууж байсан Д.Мөнх-Эрдэнэтэй утсаар холбогдлоо. Тэр хэлэхдээ “Би өнгөрөгч зургадугаар сард ажлаа өгөөд ирсэн. Тэгэхээр надаас хойш болсон асуудал. Тэгээд ч жуулчны болон бизнес ангиллын виз 1-3 сар л байдаг. Хөх хотын консул дээр виз хариуцан ажилладаг хүн бол Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун гэж хүн байдаг юм шүү дээ. Наад хүнээсээ асуу. Дипломат албаны ямар ч мэдлэггүй, мэргэжлийн бус хүнийг энэ албан тушаалд томилсон Д.Цогтбаатар сайдаас асуусан нь дээр байх” гэсэн хариу өгөөд утсаа таслав. Тэгвэл Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг “Саатуулагдсан хятад иргэдийн талаар тодорхой мэдээлэл бидэнд ирээгүй. Хаанаас виз авсныг нь эдгээр асуудлыг шалгаж дууссаны дараа мэдэх боломжтой. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулиар хилийн чанадад суугаа Консулын газар, Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яам олгодог. Хэрвээ хэвлэлээр гараад байгаа шиг жуулчны ангиллын визээр орж ирсэн бол шаардагдах материалыг бүрдүүлж өгсөн гэсэн үг. Монгол Улсад ирж, очих нислэгийн тийзний хуулбар бий. Харин Монгол Улсын хилээр нэвтэрсний дараа бол хууль хяналтын байгууллагынхан хяналт тавьдаг” гэлээ. Харин Гадаадын иргэн харьяатын газар 30 хоногийн визээр орж ирсэн гэдгийг батлав. Хөх хот болон Эрээний консулаар дамжсан иргэд олон байгааг хэлж байлаа. Тус газрын дэд дарга Д.Түвшинтөр “30 хоногийн визээр ирсэн бол манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэг бүртгэл хийдэггүй. Цаашдаа хуульдаа өөрчлөлт оруулж, жуулчны визээр ирсэн ч буудаллах буудлыг нь авдаг, гарын хээг нь бүртгэдэг болох талаар ярьж байгаа” хэмээлээ. Монгол Улсад 130 гаруй мянган гадны иргэн хууль ёсоор амьдардаг бөгөөд тэдгээрийн 13 мянга нь БНХАУ-ын иргэд байдаг ажээ. Асуудал тодорхой болж, 800 иргэн нэг бүрийг шалгасны дараа л хэн нь хаана виз мэдүүлж, хэрхэн орж ирсэн нь тодорхой болох нь ээ.

