УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс өргөн барьсан хуулийн төслийнх нь талаар тодрууллаа.
-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг бий болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалыг бий болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг арванхоёрдугаар сард орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Нийгмийн энэ өөрчлөлт, шинэчлэлт бол нэг хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш. Монголын нийт ард түмний хамтын бүтээл юм. Олон мянган хүн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож, хувь нэмрээ оруулж энэ өөрчлөлтийг хийсэн. Тиймээс ч Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт өнөөдөр ч оролцоод явж байгаа олон мянган хүмүүсийг шагнаж, урамшуулах, төрийн хүндэтгэл үзүүлэх зайлшгүй шаардлагатай учраас энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм.
-Мөн Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Ямар зүйл заалтыг нь яаж өөрчлөх хэрэгтэй байна вэ?
-Өнөөгийн эрх баригчид Эрүүгийн хуулийн маш олон чухал зүйл заалтыг хассанаар эрэмдэг, зэрэмдэг байдалтай болчихоод байна. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг засч, маш олон хүнд ял завших боломжийг олгосон. Түүнчлэн охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдүүдэд тооцох ял, хариуцлагыг Эрүүгийн хуулиас хассан. Энэ асуудлыг Зөрчлийн тухай хуульд оруулж, зөвхөн торгоод өнгөрдөг болсон нь хүний эрхийг зөрчиж байгаа хамгийн ноцтой асуудал. Энэ асуудлыг Эрүүгийн хуулиас хассан нь эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж, хуулийн хамгаалалтгүй болгосон үйлдэл гэж үзэж байна. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ноос тавьж буй шаардлага бол зүй ёсны асуудал. Энэ асуудлыг Монголын төр нэн даруй анхааралдаа авч, охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа этгээдүүдэд оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатай.