Нэгэн улстөрчид “Та юугаар дутлаа гэж уул уурхайн салбарт гараа дүрж байгаа юм бэ. Танд бүх зүйл байна шүү дээ. Энэ их нүглийн төлөөсийг яаж дийлэх юм бэ. Та үгүй юм гэхэд үр хүүхэд чинь үүрэх болно шүү дээ” гэж танил нь нөхөрсөгөөр зөвлөхөд хариуд нь “Би одоогоос хэдэн жилийн өмнө Туул голын эх, ай сав газарт хэдэн мод тарьсан. Нүглээ наминчилсан” хэмээн төгс хариулт өгсөн гэнэ лээ. Үүнийг сонссон танил нь хэлэх үгүй болж, толгой сэгсрээд өнгөрсөн тухайгаа хуучилж байсан юм. Өөрөөр хэлбэл, нүглээ наминчлах ийм амархан байдгийг мэдэж авсан юм. Үүний нэгэн адил улс төрийн томчууд эх нутгаа ухаж, уул, усаа хөндөж байхдаа хэдэн бут суулгаад, нүглийн төлөөсөө төлчихөж болдог байх даа.
Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр бүх зүйл амар, хялбар зам руу чиглэж байгаагийн хамгийн тод жишээ энэ байна. Гэтэл ард түмэн уул уурхайн салбарыг эсэргүүцэж, газар нутгаа хамгаалж, эд эсээ барах шаардлагагүй болсон байна. Хэдүүлээ цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол төө хол хоцрогдож, одоогоос хэдэн мянган жилийн өмнө айлдсан бурхны сургаалийг дагах нь нүгэл болжээ, та минь ээ. Та бид нийгмээсээ хоцрогдож яваа нь өөрөө нүгэл, хилэнц болоод байгаа юм биш үү. Нөгөө үүрч барагддаггүй үйлийн үр, газар нутгийн цөлжилт, ус мөрөн ширгэх, ан, амьтан идэх хоолгүй харангадаж үхэх нь уул уурхайн салбарын бизнес эрхэлж байгаа хүмүүст юу ч биш боллоо. Энэ байдлаа нүгэл, хилэнц гэж ойлгох нь бүү хэл улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж буй минь буян гэж боддог.
Үүнийхээ ачаар хэдэн үеэрээ идэх хоол, өмсөх хувцсанд санаа зоволгүй, алт эрдэнэст умбаж, тэргүүн баяны эгнээнд багтаж явах нь аархал аж. Тэд дуртай газраа хэдэн бут суулгах төдийд л нүгэл нь үгүй болж, буян нь хэдэн зуу, живаа, дүнчүүрээр арвиждаг байна. Нөгөө “Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах юмсан” гэдэг чинь нүглээ наминчилж чадаагүй хүний үг бололтой. Үрээ бодож, зөвийг хайж байхаар нүглээ хийчихээд, дараа нь мод, бут, сөөг тарьж явбал зохилтой. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “мод тарих” өдрийг санаачилсан нь ийм учиртай байж. Улстөрчдийг нүглээ наминчлах өдөртэй болгосон Элбэгээдээ баярлалаа.