ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Нэргүй: Иргэд яндангаа салгаж, өрхөө бүтээснээр угаартаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-07

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр  “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд долоон өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага багассан. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагын дагуу албаныхан газар дээр нь ажиллахад яндангаа салгаж, өрхөө бүтээсэн шалтгаанаар угаартсан байсан. Иймд иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэв.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нийт 164,372 айл өрхөд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 01-03-ны өдрүүдэд дахин тараасан гэдгийг албаныхан онцолсон юм. Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон долоон товчоогоор зөвшөөрлийн бичиггүй түүхий нүүрс тээвэрлэсэн 129 тээврийн хэрэгсэл 3,542.6 тонн, даац хэтрүүлж ачсан 13 тээврийн хэрэгслийн 661.7 тонн түүхий нүүрсийг хураан авч, Амгалан дулааны станцад хүлээлгэн өгсөн. Зөрчил гаргасан иргэдэд нэг сая 350 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан” гэлээ.