ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотны ноход хэмлэлдэхэд хээрийн боохой баясдаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-08

-Алдаа эндэгдэл гаргасан хэнийг ч бид адалж шүүмжлэх эрхтэй ч, хил хязгаараа давж боломгүй-

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга харийн бүсгүйн өгзөгт хүрсэн асуудлаар харь орны хуулиар шалгуулахыг үздэг л юм байна. “Хотны ноход хэмлэлдэхэд хээрийн боохой баясдаг” шиг монгол хүн гадаад оронд аль муугаа үзэж байхад элэг нэгтэн, цөөхөн монголчууд үхтэл нь дэвсэлж байна. Тэр хүн ардаа үр хүүхэд, хань ижил, ижий аав, ахан дүүстэй хүн. 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр гэдэг хувь хүндээ биш Монгол Улсын төрийн том хүн, Үндсэн хуулийн цэцийн даргадаа гол асуудал нь байгаа. Манай төр засгийн удирдлагууд, яам тамгын газрынхан, агентлагийн дарга нар, газар хэлтсийн дарга, орлогчид гадаад улсад албан ажлаар явахдаа биеэ хэрхэн авч явах, улс орныхоо нэр нүүр болж яваа гэдгээ ухамсарлахад хэдий хэрийн хугацаа шаардагдах вэ гэж битгий асуу.

Тийм ёсзүйтэй, хариуцлагатай, сахилга баттай байх ёстойг төр нь хатуу анхааруулдаг байх ёстой. Төрийн албаны нэр хүнд, дипломат ёс хүүхний өгзөг дээр хальтирч, улс гүрнээрээ хангүг нарт доромжлуулж суух ч шившиг юм аа.  Эмэгтэй хүнтэй ёс бус харилцах асуудал дээр солонгосчууд дэндүү хатуу хууль журамтай.

Хэн нэгэн солонгос эмэгтэйн зургийг утсаараа авахад л цагдаа дуудаж, хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэргээр ял сонсох болно. Солонгост хэдэн арван мянгаараа ажиллаж хөдөлмөрлөж байгаа монголчууд энэ тухай мэднэ. Харин онгоцонд архи ууж хөлчүүрхсэн төрийн түшмэл үүнийг мэдсэнгүй юу, мэдсэн ч архинд толгойгоо мэдүүлчихэв үү. Аль эсвэл санамсаргүйгээр онгоцны үйлчлэгчийн биед хүрчихэв үү.

Тэр улсын хуулиар шалгаж байгаа учраас учир нь олдох биз. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг монгол хүн монгол хүндээ хайртай байж яагаад болдоггүй юм бол.  Гадныхантай нийлээд монгол хүнээ балбаж байгаа нь таалагдахгүй байна. Буруутай бол хариуцлага тооцох нь мэдээж. Тооцож л таарна, огцруулж л таарна. Дахин төрийн босгоор давуулахгүй байх л хэрэгтэй. Зүй ёсны шаардлага, эсэргүүцлээ хүн ёсоор илэрхийлэх нь хамгийн зөв бөгөөд соёлтой алхам. Түүнээс биш ал, дүүжил, цаазал гэх нь хүний ёсонд нийцэхгүй. 

Сэтгүүлч биднийг юм уншдаггүй, судалдаггүй гэж хүмүүс шүүмжилдэг. Гэхдээ бид төрийн түшээдийг, хэн нэгний албан томилолтын бүрэлдэхүүнд багтаж гадаад оронд явахаар бол тухайн орных нь ёс заншил, хөгжил дэвшил гээд наад захын мэдээллийг нь яаж ийгээд уншиж судалж амждаг л юм даа. Гадаад томилолтод олон хүнтэй, олон удаа явсан сэтгүүлчдийнхээ ярианаас манай төрийн албаныхан, дарга нар ямар бүдүүлэг, соёлгүй байдаг тухай сонсч л байлаа. Хурал чуулганд явсан бол орж харагдсан болоод дэлгүүр хэсэх, буудалдаа архидах зэргээр цаг нөгцөөж байгаад ирдэг. Бараг л ямар ч үүрэг рольгүй зүйлдээ дагалдагч маягаар явдаг хурган дарга нарын зардлыг төсвийн мөнгөнөөс, та бидний татварын мөнгөнөөс гаргадаг.  

Гадаад орнуудад суугаа Элчин сайд, Консулууд, тэдний хамаарал бүхий хүмүүс харь оронд Монголын нэрийг шороотой хутгаж байгаа жишээ түүх улам арвижсаар л байна. Хар тамхи, хориотой бараа зөөсөн, дамласан, худалдахыг завдсан, визийн наймаа хийсэн гэх хэрэг байнга гарч байна.  Төрийн албыг төлөвшсөн, хор нь гарсан ёсзүйтэй хүн л хаших ёстой. 

БНСУ-д Үндсэн хуулийн цэцийн дарга нь бөгс бөөрний асуудалд хутгалдлаа, пүү пай гэцгээн дэвсэлж байхтай зэрэгцээд БНСУ-ын иргэн 50 нас гарсан хөгшин 20 гаруй насны монгол бүсгүйг эх оронд нь, нийслэлд нь хүчирхийлэхийг завдсан хэрэг гарлаа. Жинхэнэ гаж дон, хүчирхийлэл. Зүгээр л өгзгөнд нь хүрсэн асуудал биш. Гэтэл монголчууд тэр шар сэмжилсэн солонгос өвгөнийг биш монгол эмэгтэйгээ архичин янхан банзлаар нь дуудаж тавлав. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатараас баригдсан 750 гаруй иргэнээ Хятад улс ямар хурдан эх орон руугаа татаж авав. Долоо биш 750 хүнийг шүү. Мөнгөө гаргаад, зардлыг нь даагаад шууд татаад авчихлаа. 

Хориод жилийн өмнө юмдаг. Хөдөө суманд манай хажуу айл шинэ жорлон барихаар нүх ухаад, дээр нь хоёр банз тавьчихсан байж. Эгчийн охин тоглож байгаад тэр нүхэнд нь уначихсан уйлж байж. Хүргэн ах, эгч, дүү нар тэндээс нөгөө жоохныгоо татаж гаргаад бөөн л юм боллоо. Баастай ч бай, үгүй ч бай, жорлон л бол жорлон. Унасан л бол унасан болохоор бид тэрүүхэндээ пий паа болон төвөгшөөж, ус цасанд оруулахаас цааргалав. Хүргэн ах харин “Энэ хүүхдийг жорлонд унасан, баас болчихсон гээд хаях уу, хүн байтугай нохойн гөлөг ч байсан аварна, авна биз дээ” гэж уурлан, нөгөө дүүг маань усанд оруулж зогссон. Бид одоо ч тэр тухай ярьж, ярих бүртээ л санаа зовцгоодог. 

Тийм ээ. Алдаа эндэгдэл гаргасан хэнийг ч бид адалж шүүмж­лэх эрхтэй ч, хил хязгаараа давж боломгүй. Алдсан, алдаа гарга­сан гээд хаяхын оронд хамгаалж, өмгөөлсөн болж авчраад хууль, шүүхийнх нь өмнө аваачиж, буруу зөвийг нь тунгаалгаж, хариуц­лага тооцдог болмоор байна. Бид цөөхүүлээ, тэд олуулаа шүү дээ.