ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын түгжрэлийг бууруулах мэргэн шийдвэр

O.Admin
2019-11-14

Сургуулийн хүүхдүүд автобустай болж, их хотын гудамж замын түгжрэлийг бууруулахад томоохон дэвшил гарах нь. Энэ хамгийн зөв шийдвэр боллоо. Нийслэлийн удирдлагуудаас ойрд сонсогдоогүй сайхан мэдээ энэ байлаа. Уншигчид амаа чилтэл ярьж, сэтгүүлчид гараа цуцтал сургуулиудыг автобустай болгоё гэж зүтгэсний үр дүн гарч байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд маргаашаас эхлэн сургуулийн хүүхдийн автобус явж эхлэхээр болов.

Тодруулбал, ерөнхий боловсролын 27 сургуулийн хоёроос тавдугаар ангийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөхөөр 40 автобус үйлчилгээнд гарна. Ёстой зөв шийдэл. Одоо харин эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн унаагаар биш сургуулийнх нь автобусанд, жолоочид нь итгэж явуулах л үлдлээ. Өндөр хөгжилтэй орнуудын ерөнхий боловсролын сургуулиуд ч ийм л жишигтэй. Сургуулийн хүүхдийн нэг автобус 25-29 суудалтай байх олон улсын стандарт бий. Айл бүр нэг машинаар нэг хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр, авахаар замын хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол өдөрт ихдээ 1000, багадаа 500 автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй, тэр хэрээр түгжрэл багасна гэж үзэж болох нь.  Харин хүүхдийн автобусны үйлчилгээ, жолооч нарын сахилга хариуцлагад хатуу чанга хяналт тавих нь чухал.  Хүүхдийн автобус 12-оос доош жилийн насжилттай, шар өнгөтэй байх гэсэн олон улсын стандарт бий. 

Улаанбаатар хотыг анх 500 мянган хүн амтай байхаар тооцож, 1000 хүнд ногдох автомашины тоо 30-аас хэтрэхгүй байхаар бодож төлөвлөсөн гэдэг. Тэгвэл өнөөдөр нийслэлд 1.3 сая хүн амьдарч, 251 сургууль, 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Харин 53-хан сургууль, хоёр цэцэрлэг л хүүхдийн автобустай. Хувийн сургуулиудыг эс тооцвол хүүхдийн автобусаар үйлчилдэг улсын сургууль байхгүйтэй адилхан.  Тиймээс хотын Захирагчийн ажлын албаны дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шүүмжлэх нийслэлийн иргэн байхгүй гэдэгт итгэж байна. Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хувь хувийнхаа машинаар биш хүүхдийнхээ сургуулийн автобусанд цагт нь суулгаж, цагт нь тосоод авчихвал, таны цаг зав, хөрөнгө мөнгөнд ч хэмнэлттэйг бодолцоорой.

Багш, сурган хүмүүжүүлэгчид ч хариуцлагатай байж, шавь нараа автобусанд нь суулгаж өгч, тосч аваад сурчихвал бүр болоод явчихна. Их хотын соёл биднээс өөрсдөөс л шалтгаална. Энэ өвөл Улаанбаатарын утаа харьцангуй бага байна. Хотын гудамж нэг үеэ бодвол цэвэрхэн болжээ. Их хотын иргэд соёлжиж байна. Одоо замын түгжрэлийг бууруулахын тулд хамтдаа хичээцгээе.