ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

mk.co.kr: Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн Д.Одбаяр нутаг буцжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-18

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонез руу олон улсын хуралд оролцохоор БНСУ-аар дамжин явахдаа Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон билээ. Улмаар Инчоны нисэх онгоцны буудалд газардмагцаа Солонгосын цагдаа нарт баривчлагдсан ч, өөрийгөө дипломат бүрэн эрхтэй хэмээж, Индонез руу ниссэн байдаг. 

Харин дараа нь Солонгост эргэн ирж, мэдүүлэг өгсөн бөгөөд долоон сая воны торгууль төлж эх орондоо ирэхээр болсон юм. Түүний үйлдсэн уг хэргийн талаар БНСУ-ын хэвлэлүүд анхлан мэдээлж, хэрэг эхэлснээс дуусах хүртэл бүхий л үйл явцын тухай дамжуулж байсан билээ. 

Харин одоо манай улсын талаар, уг хэргийн талаар “koreatimes.co.kr” сайтад ямар мэдээлэл гарсныг уншигчиддаа орчуулан хүргэе. Үүнд “Онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дарга эх орон руугаа буцжээ. Аюулгүйн албаныхны мэдээлснээр Монголын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өөрийн улсын авиа компанийн нисэх онгоцоор Инчоны нисэх буудлаас 23:55 цагт Улаанбаатар руу хөөрсөн байна. Улмаар очихдоо VIP өрөөгөөр дамжин хувийн зорчих хэсгийн зорчигчийн хаалгаар гарч явсан аж. Д.Одбаярт  аравдугаар сарын 31-ний орой 20:05 цагт Инчон-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нисэх онгоцонд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйн өгзөгт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая воны торгууль ногдуулсан юм. Прокуророос түүнд торгох ял ногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр хадгаламжаасаа уг мөнгийг төлснөөр хилийн хоригийг нь цуцалж, нутаг руу нь буцаажээ. 

Түүнтэй хамт явсан 42 настай А гэгч мөн аравдугаар сарын 31-нд баривчлагдсан ч, нисэх буудлын цагдаа нар Гадаад харилцааны яам болон Цагдаагийн газрын Гадаад харилцааны хэлтэст мэдэгдэлгүйгээр суллаж явуулсан зөрчил гаргасан. Үүний дараа Д.Одбаяр өөрийгөө уг хэргийг үйлдээгүй хэмээн няцааж,  арын эгнээнд зорчиж явсан иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг өөрт нь холбогдуулсан гэх тайлбарыг өгч байсан. Харин хоёрдахь удаагийн байцаалт буюу Индонезоос БНСУ-д ирж мэдүүлэг өгөхдөө “Хохирогч тийм нэхэмжлэл гаргасан бол тийм зүйл болсон байж магадгүй. Би тухайн үед согтуу байсан учраас санахгүй байна” хэмээж, өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн юм” гэж мэдээлсэн байна. 

Тэгвэл  “koreatimes.co.kr” сайтад “Онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг долоон сая воноор торголоо. Улмаар түүнд ногдуулсан хилийн хоригийг цуцлав. Д.Одбаярыг аравдугаар сарын 31-ний өдөр КАЛ-ын онгоцонд зорчиж явахдаа үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, өөр нэгэн эмэгтэйг дарамталж, айлган сүрдүүлсэн гэх хэрэгт сэжиглэсэн юм. Тэрбээр хэрэг гарсны дараа цагдаад баривчлагдахдаа уг үйлдлээ үгүйсгэж, улмаар олон улсын хуралд оролцохоор Индонезын Бали руу ниссэн. Харин дараа нь Солонгост эргэн ирж, хоёрдахь удаагаа байцаалт өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байна. 

Ингэхдээ “Тухайн үед архи уусан байсан учир санахгүй байна” хэмээн мэдүүлсэн байгаа юм. Харин хяналтын камерыг өөрт нь үзүүлсний дараа л өөр нэг багийн гишүүнийг сүрдүүлсэн гэдгээ хүлээсэн аж” гэжээ. Юутай ч, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлана гэдгийг ҮХЦ-ийн хэвлэлийн албанаас мэдээлсэн. Гэхдээ яг хэзээ, хаана болох нь тодорхойгүй байгаа билээ.