УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн увайгүй үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Олон нийтэд төдийлөн танигдаагүй “Бишрэлт” группын Б.Ундармаа гэхээс өөрөөр хаяггүй тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар тойргоос нэр дэвшиж, сонгогдсон билээ.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан гурван жилийн хугацаанд олигтой хийсэн ажилгүй, санаачилсан хуулийн төсөлгүй “F” үнэлгээтэй дөрөв дэх жилээ угтаж байх юм. Өөрөөр хэлбэл, гялайж, гялтайх ганц ажилгүй цагаан хуудас, муу үнэлгээтэй төгсөж байна гэсэн үг. Гэхдээ тэр зүгээр ч муу сураад зогсохгүй улсад болоод ард түмэнд асар их хор, хөнөөл учруулж, удаа дараа увайгүй үйлдэл гаргаж, ах намын нэр нүүрийг шавартай хутгаж яваа хэдэн гишүүдийн нэг болж, нэр хүндээ шороотой хутгачихлаа.
Одоогийн парламентын гишүүдийн дунд сайн нэртэй нь цөөхөн ч эмэгтэйчүүд дотроос Б.Ундармаа гишүүн саар үйлдлээрээ цахиур хагалж явна. Өдий насны эмэгтэйгээс гарахааргүй алдааг тэр хийж, нийгэмд буруу үлгэр дуурайл жишгийг тогтоож байна. Тухайлбал, Б.Ундармаа гишүүн өөрийн эзэмшлийн болоод хувь хүртдэг 100 орчим компани, аж ахуйн нэгж байх бөгөөд нийт 53 сая ширхэг хувьцаа эзэмшдэг аж.
Түүнд “Бишрэлт” групп, “Капитал” банкнаас эхлээд банк бус санхүүгийн байгууллага, эм ханган нийлүүлэх газар, үнэт эдлэл, газар тариалан, мах махан бүтээгдэхүүн, даатгал гээд хөрөнгө оруулаагүй, гараа дүрээгүй салбар бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Хатуухан хэлэхэд, улсын сан руу гараа дүрэх өчүүхэн шалтгаан ч алга. Яаж энэ олон байгууллагын хөрөнгө мөнгийг зохицуулдаг байна гэж бодогдохоор.
Үүнтэй зэрэгцээд хамгийн хачирхалтай нь энэ олон байгууллагын хувьцаанаас ашиг хүртдэг атлаа жилийн орлогоо 24.4 сая, гэр бүлийн гишүүдийн орлогыг 33.6 сая төгрөг хэмээн өнгөрөгч онд ХОМ-т тэмдэглүүлжээ. Энэ их өв хөрөнгийн дэргэд ХОМ-т мэдүүлсэн гэр бүлийн нийт орлого буюу 58 сая төгрөг Б.Ундармаа гишүүний хувьд зүгээр л бохины мөнгө төдийхөн. Тэр ч бүү хэл түүний “Капитал” банк дампуурсан ч гарлага биш. Б.Ундармаа гишүүнд цаана нь 99 аж ахуйн нэгж байна. Гарсан гарлагыг нь жилийн дотор нөхнө. Өөрөөр хэлбэл, 50 байгууллага нь дампуурсан ч амь зогоох 44 газар үлдэнэ гээд бод доо. Ийм хөрөнгийн эзэн ингэж авирлаж, аяглаж явахад өнөөг хүртэл толгойг нь илээд, үнэрлээд суугаа нам нь ч буруутай.
Манайхаас өөр оронд Б.Ундармаа гишүүний гаргасан доорхи үйлдэлд 10 жил цаашилбал, бүх насаар нь хорих ял оноогоод байх газарт хүргэх байлаа. Гэсэн ч бид өршөөсөөр, өрөвдсөөр, харсаар, хүлээсээр. Харин түүний даварсан үйлдэл улам ахисаар байгаа нь бүр ч гайхшрал төрүүлмээр.
Түүнд санаа зовох, эмээх, айх, ичих зэрэг хүн ёсны өчүүхэн үйлдэл ч алга. Б.Ундармаа гишүүний нэр дээрх дампуурсан “Капитал” банкинд төрийн болоод жирийн иргэдийн 340 орчим тэрбум төгрөг үрэгдэв. Үүнд, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134, Нийгмийн даатгалын сангийн 104, Жижиг дунд үйлдвэрийн дэмжих сангийн 47, Хөгжлийн банкны 52, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр гээд нийт 340 тэрбум төгрөгөөр “гараа угаалаа”. Монголын төрийг, ард иргэдийг тэр дорд үзэж, тохуурхав.
Түүний хийсэн хэрэг үүгээр ч дуусахгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ганцаараа 47 тэрбум төгрөг авч, иргэдийнхээ боломжийг булаасан юм. Бүхэл бүтэн улсаа самарсан дуулиант хэрэг үйлдчихээд өнөөдөр Б.Ундармаа хийсэн хэрэгтээ гэмших нь бүү хэл харин ч элдэв янзын арга, заль сүвэгчилж, замаа засаад явж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд зогсохгүй, жагсаал цуглаан зохион байгуулах хүртэл монголчуудыг дорд үзсээр байгаа билээ. Түүний улсад учруулсан 340 тэрбум орчим төгрөгийг барагдуулахад “Капитал” банкны өөрийн хөрөнгө хаанаа ч хүрэлцэхгүй өнөөдрийг хүрэв.
Холбогдох байгууллагууд тус банкны хөрөнгийг царцааж, үнэлгээ хийсэн ч улсад болон иргэдэд учруулсан хохирлыг дарж дийлэхгүйд хүрсэн байдаг. Тиймээс эрхэм гишүүн цэц мэргэнээ сорьж, ард түмнийхээ халаас руу гараа дүрэх сонгодог аргыг олж, Нийгмийн даатгалын шимтгэлд хуримтлал цуглуулах нэрийдлээр өрөө цайруулах шийдлийг гаргаж байх жишээтэй. Хохирлоо барагдуулах гэхээр хөрөнгө нь дундарч, сангийн авдар нь цайх гээд байсан учраас намынхаа толгой гишүүдийн бөндгөрийг эргүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ таван хувиар өсгөх аргаа цэвэрхэн хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа олсон байх юм.
Магадгүй гишүүнээр ажиллах хугацаандаа гаргасан ганц мэргэн санаа нь ердөө энэ. Угаасаа “Капитал” банк 2015 оноос эхлэн бараг өөрийн хөрөнгийн дутагдалтай ажиллаж байсан бөгөөд улсын хэдэн сангийн мөнгийг байршуулж, амь дүйж явсан болж таарах нь. Улс мөнгөө татвал хүссэн хүсээгүй “Капитал” банкны үйл ажиллагаа тэг заана. Тиймээс 2016 оноос эхлэн алдагдалтай ажилладаг сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх нэрийдлээр Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг ОУВС-гийн нэрийг барьж, МАН олонхиороо шийдвэрлэсэн байх үндэслэлтэй.
Б.Ундармаагийн өрийг цайруулах ганц арга нь ажилтай орлоготой, иргэд, аж ахуйн нэгжийн халаас руу өнгийх нь илүүтэй хялбар санагдах ч ойлгомжтой. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ч толгой өвдөх зүйлгүй. Юуны тулд 64 ширхэг кноп байгаа билээ, хэргээ гүйцэлдүүлэх нь л тэдэнд чухал. Намын нөхдийн ачаар Б.Ундармаагийн хүсэл одоогоор 70 хувийн биелэлттэй байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл 2016 оноос эхлэн нийтдээ гурван хувиар нэмэгдсэн бөгөөд 2020 оны нэгдүгээр сараас тав болох байсан.
Хэрвээ иргэд, аж ахуйн нэгж үг дуугүй биелүүлбэл, Б.Ундармаа өргүй болоод зогсохгүй 2020 оны сонгуульд дахиад “даагаа нэхэх” байлаа. Даанч түүний хүсэл биелэх шатандаа иртэл иргэд, аж ахуйн нэгжийн эсэргүүцэлтэй тулж, төлөвлөгөө нурах нь тэр. Цаашилбал, гарах гарц ч байхгүй боллоо. Нам нь түүнийг аврах нь бүү хэл 2020 онд ялалт байгуулах эсэх ч эргэлзээтэй. Намынхаа гол санхүүжилтэд чухал үүрэгтэй байдаг тэрбээр цаашид улс төрд ганцаардаж эхлэв.
Өөрөөр хэлбэл, нам нь эцсийн аргаа шавхчихлаа. Түүний тарьсан асуудал хууль хяналтын байгууллагаар орох нь тодорхой, хуулийн хариуцлага хүлээж магадгүй. Тиймээс Б.Ундармаа гишүүн 340 тэрбум төгрөгийнхөө өрийг гэрээ зарна уу, 99 байгууллагынхаа санг хоосолно уу, ямартаа ч барагдуулах ёстой. Эцэст нь ард түмнээсээ уучлалт гуйж, ахиж улс төрд зүглэхгүй байх ганцхан зам үлджээ. Дөрөвхөн жилийн хугацаанд бүх оноогоо бараад дууссан, увайгүй нэгэн гэдгээс өөр тодорхойлолтгүй үлдэв. Харин энэ бүхний төгсгөлийг нь хууль, хяналтын байгууллага хийх байх. Харж л байя.