ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрд зүтгэлээ үнэлүүлсэн анхдагчид

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-19

-Анхны атрын шанг татсан Сэлэнгэ аймгийн Түшиг сум Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтангадас” одонт сум боллоо- 

“...Тунгалаг Сэлэнгийн урсгал дээгүүр 
Тээврийн онгоц сэлж явна аа
Тэнэгэр уудам тариалан дундуур
Аварга комбайн хүржигнэнхэн байна...”
хэмээн машины хөгжимд эгшиглэх дууг даган дуулсаар бидний хэсэг нөхөд Улаанбаатар хотоос баасан гарагт гарч Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг зорив. Хөдөө нутагт хэдийнэ өвөл болжээ. Цасан хэвнэг нөмөрсөн Сэлэнгийн хөдөө нутаг нэлдээ цав цагаан өнгөөр туяарч, замын хоёр талаар эгнэх модод цасан шуургатайн улмаас бүртийх төдий бараан дүрс болж харагдах нь тун ч сонихон. Дарханы замын их засвар өвөл хаяанд ирсэн учраас зогсож, алаг цоог ашиглалтад орсон хуучин, шинэ холилдсон зам тоос ихтэй, бартаа саадтай хэвээр байна.

Биднийг замд гарсан цагаас эхлэн Орхон, Сэлэнгийн бүс нутгаар цасан шуургатай байсан ч зорьсон газраа саадгүй давхисаар хүрч очлоо. Зам зууртаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Цагааннуур суманд томилолттой ажиллаж, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, шинэ сургуулийн нээлт, цэцэрлэгийн 60 жилийн түүхт ойн ёслолд оролцов. Багачуудын инээд, баяр хөөр цалгисан дуу хуур сонсож явсаар өнгөрөгч ням гарагийн 13.45 цагийн үед Түшиг сумын нутагт хүрэлцэн очлоо. Өмнө нь энэ суманд дөрвөн жилийн өмнө анх удаа хөл тавьж байжээ. Дэлгэр зунаар очиход угтсан тэр л гайхалтай үзэсгэлэнт байгаль цасан хөнжлөө нөмөрчихөөд “Амар байна уу. Аян замдаа сайн явж ирэв үү” хэмээн угтан авав, биднийг. Ер бусын амгалан тайван, гайхалтай үзэсгэлэн бүрдсэн энэ нутгийг хоёр дахь удаагаа зорьж очихдоо түүхэн үйл явдлын гэрч болж, басхүү түүнийг нь хэвлэлийн хуудаснаа мөнхлөх үүрэг хүлээсэн юм, би.

Учир нь Сэлэнгэ аймгийн Түшиг сум аймгаасаа анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон зүүж байна. Атар газар эзэмшсэний 60 жил, атрын анхны шанг татсан газар нутаг болох Зэлтэрийн сангийн аж ахуйд төдийгөөс өдийг хүртэл тариан түрүү халиурч, аварга комбайн, тракторын дуу хадаж, ажилч хичээнгүй зон олон нь Монгол Улсын гурил, хүнсний ногооны ихэнх хувийг хангаж буй түүх бичигдэн үлджээ. Жаран жилийн турш нүргэлсэн трактороо хөшөө болгож мөнхөлсөн Соёлын төвийнх нь үүдэнд хүрч очиход баярын хурал эхэлчихсэн байлаа. Хэдийгээр нутгийн иргэдэд баярын хурал 14.00 цагаас хэмээн зар тараасан ч хурал эхлэхээс цаг гаруйн өмнө ирж, суудлаа эзэлчихсэн учраас эхлэхээс өөр арга байсангүй хэмээсээр сум, орон нутгийн удирдлагууд биднийг угтан авлаа. Тэд ингэж л догдолж, Төрийн шагналаа тосч авсан юм.

Тогтсон цаг, товлосон хугацаандаа буюу 14.00 цаг болоогүй байхад яарч давхисаар очсон ч нутгийн иргэд суудлаа эзэлж, Соёлын төвдөө багтах зайгүй цугласан нь харагдана. Гадаа цаг агаар хасах 20 хэмийг зааж байсан ч дотор цугласан иргэдийн сэтгэл харин нэмэх хэмтэй, халуун дулаан уур амьсгал бүрдчихэж. Хүн бүхний нүдэнд баярын оч гэрэлтэж, нэгнээ тэврэн үнсэж баяр хүргэцгээнэ. Тайзны өмнө эгнүүлэн тавьсан сандал дээр энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан Хөдөлмөрийн баатар, Гавьяатууд нь эгнэн сууцгаасан нь сүрдмээр. Тэд бол энэ нутгийн бахархлууд. Тиймдээ ч түүхэн өдөрт хамгийн их ач холбогдол өгч, гоёлын дээлээ өмсөж, үр хүүхэд, ач зээгээрээ хөтлүүлэн ирцгээжээ.

“Түшигчүүдийн тогтоосон рекордыг хэн ч эвдэж чадаагүй”

“Алтан гадас” одонг хүлээж авах ёслолын арга хэмжээнд Орхон, Сэлэнгийн бүс нутгийг төрд төлөөлж суугаа, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын дарга Г.Бямбаа болон Түшиг сумын Засаг дарга Ц.Отгонтүйн, сумын ИТХ-ын дарга Н.Барамсай нарын төрийн албан тушаалтнууд, Түшиг нутгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Монгол Улсын аварга тариаланчид болон сумын иргэд оролцлоо. Сэлэнгэ нутгаас анх удаа “Алтан гадас” одонгоо тугандаа зүүж, төрийн хүндэтгэл хүлээсэн анхдагчдын баярын хурлыг сумын Засаг дарга Ц.Отгонтүйн нээж үг хэлэв.

Тэрбээр, “1959 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 156 дугаар тогтоолоор анхны сангийн аж ахуйг байгуулахад “Зэлтэрийн сангийн аж ахуй” таваарын үр тариа үйлдвэрлэлийн чиглэлээр буюу атар газар эзэмшихээр байгуулагдаж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн болох 60 гаруй залуус илгээлтээр ирж байлаа. Мөн “Гэрэлт зам” нэгдэл татан буугдаж, 160 гаруй өрх, 30 гаруй мянган толгой малтайгаа сангийн аж ахуйд нэгдэж байсан юм.

Зэлтэрийн сангийн аж ахуй анхны гараагаа 6000 га газарт маш амжилттай эхлүүлсэн түүхтэй” хэмээв. Тус сангийн аж ахуй нь 35 трактор, долоон машинтай, хоёр сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгуулагдсан цагаас хойш 1973, 1988 онд “Улсын аварга” хамт олон болж байсан бөгөөд Хөдөлмөрийн баатар н.Санжаа тэдний бахархал гэдгийг Сумын удирдлага Ц.Отгонтүйн хэлсэн үгэндээ онцлов. Зэлтэрийн сангийн аж ахуйн гавьяаг дурдаад байвал барагдахгүй их юм билээ. Улсын рекордыг эзэмшдэг, өнөө хүртэл хэн ч эвдэж чадаагүй гэдэг нь түүхэн шагналын эзэн болоход ихээхэн нөлөөлжээ. Тодруулбал, 1985 онд Барчингийн усалгаагүй 84 га талбайгаас 71.3 центнер ургац хураан авсан түүхэн амжилтыг өнөө хүртэл хэн ч, ямар ч сангийн аж ахуй эвдээгүй нь Түшигчүүдийн нэг том бахархал.

Түүнчлэн, “Улсын аварга тариаланч” хамт олноор С.Даваажамц даргатай хоёрдугаар тасгийн хамт олон 1973 онд, Д.Чулуунбат даргатай дөрөвдүгээр бригад 1973, 1975 онд, П.Чинзориг ахлагчтай нэгдүгээр салаа улсын зургаан удаагийн аварга, Н.Зоригт даргатай хоёрдугаар бригад 1983, 1985 онд, Д.Дэлгэрдалай ахлагчтай тавдугаар салаа 1983, 1985, 1988 онд, Х.Амгалан даргатай дөрөвдүгээр салаа 1983,1985 онд, Ё.Ганбаатар даргатай гуравдугаар салаа 1988 онд, Д.Эрдэнэбат захиралтай “Зэлтэр” компани 1997, 2000 онд, С.Баатар захиралтай “Бооцын тариа” компани 2008, 2012, 2013 онд, Ж.Норовсамбуу захиралтай “Анхтамир” компани 2008, 2010, 2017, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат захиралтай “Гацуурт” компани 2011, 2013 онд тус тус, улсын аваргаар шалгарсан амжилт бүтээлийг нь энд онцлохгүй өнгөрч боломгүй юм. Өдгөө ч энэ бүх амжилтыг нь залуу үе нь үргэлжлүүлсээр яваа юм. Атрын I, II, III дугаар аянд Түшиг нутгийн хөдөлмөрч ард түмэн ямагт тэргүүн эгнээнд явж байгаа, цаашдаа ч явсаар байх учраас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн “төрд зүтгэлээ үнэлүүлсэн анхдагчид” гэдэг нь маргах аргагүй үнэн ажээ. 

Д.Эрдэнэбат: Сэлэнгэ түмний маань 17 сумыг төлөөлж, анхны одонт сум боллоо

Сум орон нутгийн удирдлага нь түүхэн гавьяат хүмүүсийнхээ амжилт, ололтыг индрээс нэрлэж, талархлын үг хэлж дууссаны дараа “Алтан гадас” одонг хүлээж авах ёслол албан ёсоор эхлэв. Сумын тугийг тайзны голд хүндэтгэлтэй залсны дараа Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж, сонордууллаа.

Халуун алга ташилтаар дүүрэн баярын нулимстай 60 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж буй энэ өдрийн юм бүхэн нь догдлол, талархал, инээд, аз жаргал дунд өрнөлөө. Индэр дээр гарсан хүн бүхэн баярын сэтгэлээ нууж чадахгүй догдолж, үгээ мартах нь инээд, хайр зэрэг төрүүлнэ. Өнгөрсөн дурсамж, өнө ирээдүйн амжилтын тухай сэтгэл догдлон ярьж байгаа хүн бүхний үг чин сэтгэлээс нь урган гарч байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ үеэр “Би өнөөдөр та бүгдэд үнэлэгдсэн төрийн түшээгийн хувьд энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Та нар өнөөдрөөс эхлээд төрд үнэлэгдсэн гавьяатнууд боллоо шүү. Үүнийг үргэлж санаж, маш сайн хөдөлмөрлөж яваарай. 60 жилийн өмнө анхны анжис тавьсан анхдагчид нь та нар байсан. 60 жилийн дараа сэлэнгэ түмний маань 17 сумыг төлөөлж, анхны одонт сум боллоо.

Атрын ойг энэ жил тэмдэглэж байгаа цаг үед анхны том шагналтнууд нь та нар боллоо шүү. Төр түмэн нүдтэй гэдэг. Төр өнөөдөр маш зөв хүмүүстэй, маш зөв цагтаа шагнал олголоо. Монгол Улсыг тэжээж байгаа өнөөдөр ажиллаж байгаа, өмнө нь ажиллаж байсан,  ирээдүйд ажиллах та бүхэндээ баяр хүргэе. Бидэнд хийх ажил их бий. Энэ аймаг бол Монгол Улсыг тэжээдэг аймаг гэж бахархах дуртай, би. Сэлэнгийн хөдөлмөрч ард түмэн энэ улсын бүх хүнд ачааг нуруундаа үүрч яваа. Сэлэнгэ нутгийн ард түмний хөдөлмөрч зан чанараар ямагт бахархаж явдаг юм. Бидний аав ээж хийж бүтээхийн төлөө төрсөн.

Бидний ирээдүй ч хийж бүтээхийн төлөө явна гэдэгт огт эргэлздэггүй. Бүгдээрээ төрийн итгэлийг дааж сайхан амьдраарай" хэмээлээ. Тэгвэл Атар газар эзэмшсэний 60 жил, анхны шанг татсан түүхэн өдрийг аймгийн хэмжээнд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос тодруулсан юм. Тэрбээр, “Орчин цагийн техник, технологи бүхий газар тариалангийн бие даасан салбарыг бий болгоход Сэлэнгэчүүдийн оруулсан хувь нэмэр үнэлж барамгүй юм.

Энд хувь нэмрээ оруулсан нийт хүмүүст халуун баяр хүргэе. Тэр дундаа өнөөдөр төрдөө зүтгэлээ үнэлүүлж буй атрын анхны шанг татсан Түшиг сумынхантайгаа түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. 17 сум, зургаан тосгоноос анхны “Алтан гадас” одонт сум төрлөө. Сэлэнгэ аймаг нэг жилийн хугацаанд “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой”-н арга хэмжээг зохион байгуулсан. Сар шинийн баяраас эхлээд Улсын наадмаа хүртэл ойн хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Түүхэн ойдоо хийсэн, бүтээсэн зүйл арвинтай байхыг зорьж байна” гэлээ. 

Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн: Түүхэн өдрийн гэрч болсон нь хувьтай үйл хэрэг юм 

Мөн энэ өдөр илгээлт өвөртлөн Зэлтэр нутагт ирж, 50-60 жилийн түүхийг нь хамт бичсэн олон хүмүүс сумтайгаа хамт Ерөнхийлөгчийн зарлигаар одон гардаж авав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрөө үнэлүүлж, “Алтан гадас” одон энгэртээ зүүсэн ная гарсан буурай Н.Нина гуай “1962 онд энэ нутагт илгээлтээр ирж байлаа. 2002 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Миний 40 жил ажилласан хөдөлмөрийг төр үнэллээ гэж хязгааргүй баярлаж сууна. 21 бүсгүй, нэг залуу, зургаан өрх айл ирж байлаа. Одоо энэ нутагт хоёр л хүүхэн үлдсэн дээ.

Баярлаад олон зүйл ярьж чадахгүй байна. Хязгааргүй их баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ хуваалцсан бол мөн л “Алтан гадас” одонг энгэртээ зүүсэн атарчин Б.Алтаншагай “Түшиг сумын уугуул иргэн миний хувьд үнэхээр сэтгэл догдлоод хэлэх ч үг олдохгүй юм. Миний ээж, аав энд ажиллаж байсан. Би бас сумтайгаа хамт одон авлаа. Газар тариалангийн хоёрдугаар аян эхлэхэд ангиараа илгээлт аваад “Номгон” сангийн аж ахуйд очиж байлаа.

Миний ажил амьдрал газар тариалангийн салбартай салшгүй холбоотой. Хийж гүйцээгүй ажил зөндөө байна. Үүнийгээ хийж дуусгаарай гэж төрийн үүрэг энэ шагналтай цуг ирлээ” хэмээв. Харин энэ өдрийн хүндэт зочдын нэг болох Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн “Анхны сангийн аж ахуй бол манай сум юм шүү дээ. Манай сумыг төр үнэлсэнд урамтай байгаа. Бид энэ л сангийн аж ахуйд хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ. Амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ өсгөж, өнөөдрийн энэ түүхэн өдрийн гэрч болсон нь хувьтай сайхан үйл хэрэг боллоо. Миний хувьд тээврийн үйлчилгээ буюу Сангийн аж ахуйн бүхий л тэргийг жолоодож байлаа. Миний хэрэгцээ хаана гарч байна тэр бүхэнд оролцож, даргын жолооч хүртэл хийж явлаа” гэлээ. 

...Ийнхүү хагас зууны түүхийг хүүрнэсэн Зэлтэрийн сангийн аж ахуй Монгол Улсын ард иргэдийг бүтэн 60 жилийн турш тэжээсэн түүхэн гавьяагаа нутгийн зон олонтойгоо хамт үнэлүүлж байна. Ялгуунбаатар бэйсийн хошууны ард түмэн өнөөдөр ч үр тариагаа хурааж дуусгахаар шаргуу ажиллаж, гурил, тэжээл болгож боловсруулах гээд завгүй ажилтай сууцгаана. Түшиг нутгаар овоглосон хэн бүхний энгэрт чиг заан гэрэлтэж буй “Алтан гадас” одон дараагийн жаран жилдээ ч их бүтээн байгуулалтыг энэ нутагт дуудаж, эгэл түмний хөдөлмөр, зүтгэлийн гэрч болсоор байх биз ээ. Дуу хуур, инээд цалгисан дулаахан өргөөг орхиод гарахад сэтгэл минь хоргодож байсан ч “Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг” жам ёсоор “Ус мөрөн олончиг Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ

Улс гүрэн олончиг Монголын минь яаж гүйцэх вэ” хэмээн дуулсаар, улсын нийслэлийн зүг хүлгийн жолоо заллаа. Дараа дахиад очиход яг л тэр үзэсгэлэнгээрээ, яг л тэр амгалан байдлаараа угтан аваарай, уул ус минь. Эргээд очиход чиг заан гэрэлтсээр суух буйдхан нутгийн ард түмэндээ ерөөл өргөе. Зэлтэр нутагтаа зууны түүхийг бичиж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардах цаг үед эргээд баяртай уулзая.