Ганган дэгжин хувцаслаж, үнэтэй гар утас барих, гоёмсог машин унаснаараа их хотын соёлт иргэн болдоггүй юм шүү, нийслэлчүүд ээ. Нэгнээ хүндлэх, эерэг хандлагыг бий болгох, нийслэл хотынхоо орчныг цэвэр цэмцгэр байлгахаас хотын соёл эхлэх билээ. Хотын утаа ч багаслаа. Гэрлээр чимсэн хотын гудамжинд чихрийн цаас, тамхины ишнээс илүү цэр, шүлс, нусаа хаях ой гутам дүр зураг хаа сайгүй харагдах болжээ. Өөр нэгний хаясан шүлсийг хараад жигшдэг атлаа, өөрсдөө жишим ч үгүй хаячихна. Гудамж талбай ч гэлтгүй, төв талбайд ч хаясан байх нь энүүхэнд ажээ.
Таны амнаасаа гаргасан энэ бохирыг ТҮК-ийн ажилчид хусаж цэвэрлэдэг, тэр ч байтугай таны хүүхэд ч санамсаргүй гишгэж, гэртээ орно гээд төсөөлдөө. Хэдийгээр одоо хөлдүү байгаа ч, хавар гэсч агаарт дэгдэхэд та, бид түүгээр амьсгална гээд бод. Муухай байгаа биз. Бас цэвэрлэж байгаа хүмүүсийн ажлыг хүндэтгэж, дор бүрнээ ухамсарлах ёстой юм. Гадаад дотоодын жуулчид ч хаа сайгүй холхиж байгаа. Улс орныхоо нэр нүүр, иргэдийнхээ ухамсрыг муу муухайгаар харуулмааргүй байна шүү.
2017 онд Зөрчлийн хууль батлагдаж, нийтийн гудамж талбайд бие засах, хог хаях, нус, цэр шүлсээ хаясан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгоно гэж хуульчлаад өгчихсөн юм билээ. Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш овоо цэгцэрсэн байлаа. Гэтэл өнөө жил илүү их харагдах боллоо. Заавал хуулиар, тогтоолоор, торгуулиар “нүдүүлж” байж шийдэх бус, таны, миний, бидний ухамсраар хэмжигдэх асуудал юм. Та л нус, шүлсээ хаяхгүй болчих хэрэгтэй байна.