Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин гэгч өнгөрсөн жил байгууллагынхаа шинэ жилд дээлтэй орсон хөдөө орон нутгийн байгаль хамгаалагчийг шинэ жилээс хөөсөн тухайгаа пост бичиж, олны дургүйцлийг төрүүлсэн.
Төрийн ёслол хүндэтгэлд хүртэл хүлээн зөвшөөрдөг монгол төрийн хүндэтгэлийн хувцастай шинэ жилд орлоо хэмээн ад үзсэн энэ хүний үйлдэл хэдэн өдрөөр хэвлэл мэдээлэл болон соошл орчинд яригдаж, эцэстээ уучлалт гуйгаад ажилдаа үлдэж байв. Тэгвэл дуулиант даргын тэнэглэл дуусах болоогүй байжээ.
Тэрбээр, энэ сарын 20-ны өдөр оруулсан өөр нэг пост нь дахиад л нийгмийн анхаарлыг татав. Ц.Энхтүвшин гэгч өөрийн фэйсбүүк хуудсандаа “Гадаа гудамжинд дуулаад сууж байгаа хоёр гадаадыг болиуллаа. Мөнгөгүй юм бол яах гэж биднээс мөнгө босгох гэдэг байна аа. Их дэлгүүрийн баруун талд. Мөнгө шаардлагатай бол Элчин сайдын яаман дээрээ оч гэлээ. Эндээс холгүй эсвэл би хүргээд өгье гэлээ. Цагдаа нар юм хэлээгүй шүү дээ гэж байна. Та нар мөнгө гуйсан гэдгээ хэлээгүй байх гэсэн чинь зугтаад алга боллоо. Монголд мөнгө гуйж болдоггүй юм. Араас нь ямар дагалтай биш ажил их байна. Ер нь яахаараа надтай адал явдал тааралдаж байдаг байна аа хэхэ” хэмээн оруулжээ.
Гэвч энэхүү пост нь дахиад л олны анхаарлыг татсан бөгөөд ардчилсан Монгол Улсад хэн дуугаа дуулж, хэн мөнгөө олох, тэр ч байтугай гудамжинд дуулах нь ч эрх чөлөөтэй билээ. Тэр тусмаа Аялал жуулчлалын бодлого хариуцсан хүн нь гудамжинд байгаа гадны иргэдийг цагдаа цэргээр айлгаж, хөөж туугаад байвал энэ улсад ямар жуулчин орж ирэх билээ. Тэр ч байтугай гадны улс оронд Монголын олон олон залуус гитар тоглож, дуу дуулж, бүр морин хуураа ч тоглоод сууж байдаг нь худлаа биш. Тэр болгон нь их хотын нэгэн соёл болчихсон гэдгийг энэ хүнд ойлгуулж өгөх хүн байдаггүй бололтой. Ийм даргатай аялал жуулчлал хөгжинө гэдэг ч өдий байна даа.