УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох эсэх асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар Б.Лхагвасүрэнг дэмжлээ. УИХ-ын гишүүд түүнд хандан “Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүн учраас дэмжиж байна. Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил болж байгаа бөгөөд хамгийн өндөр хөгжсөн. Хамгийн өндөр аятайхан барилга бол банкуудын байшин байдаг. Гэтэл нөгөө талд зээлийн хүү маш өндөр иргэд, аж ахуй нэгж өрийн дарамтад байдаг. Бүх иргэд зээлийн барьцаанд орсон байна. Тэтгэврийн хүмүүсийн дэвтэр, малчдын мал зээлийн барьцаанд байна. Зээлийн хүү 20-25 хувьтай байгаа.
Ийм байдлаар бид өнгөрсөн хэдэн жил явж, банкны салбар л хөгжиж иргэд ядуурсан, барьцаанд байна. Банкууд баяжаад ирэхээрээ бизнес рүү орж байна. Цаашид ийм байдлаар хөгжих үү, зээлийн хүүг бууруулах боломж байна уу.
"Ипотекийн корпораци" гэсэн монополь байгууллага бий. 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. Удирдлагын зардал нь 24 тэрбум байдаг юм байна. Иргэд хүлээлт маш их байна. Ажлаа авсны дараа ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах”-ыг захиж байлаа.