Тээврийн цагдаагийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэх, цаашид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Хичээх өдөр” арга хэмжээг маргааш зохион байгуулах гэж байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.
- Тээврийн цагдаагийн албанаас цахимаар ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэх талаарх мэдээлэл түгээсэн. Энэ ямар учиртай вэ?
-Жил бүр зам тээврийн осол, хэргийн улмаас манай улсад 500 орчим хүний амь нас эрсдэж 2000 орчим иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр бид нэг өдөр хичээснээрээ олон хүний амь нас, хэчнээн хэмжээний хохирлоос сэргийлэх боломжтой вэ гэдгийг танилцуулахыг зорилоо. Ганцхан өдөр тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч, явган иргэд бүгд хичээж, замын хөдөлгөөний дүрмээ баримталсанаар хоёр хүний амь насыг аварч, 15-20 хүний эрүүл мэндийг хамгаалж, 250 орчим зам тээврийн осол гарахаас сэргийлж байна гэсэн үг юм. Нэг өдөр хичээхэд нэг сар ч хичээж чадна. Тиймээс арваннэгдүгээр сарын 29-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүр дүрмээ баримтлах уриалга гаргаж байгаа юм. “Хичээх өдөр”-өөр “Энхтайваны өргөн чөлөө”-нд буюу төв замын хөдөлгөөнийг 11:00 цагаас таван минутын хугацаатай түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох талаар сануулах юм. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар өглөөний 10:20 цагт “Дүнжингарав” худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун дөрвөн зам- Нарны гүүрний доогуур нарны замаар “Дүнжингарав” худалдааны төв гэсэн маршрутаар явна.
-2019 он гарснаас хойш улсын хэмжээнд хэчнээн хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бэ. Бусад тоон мэдээллийг өгөөч?
-Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой дуудлага 68369 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс зам тээврийн осол 22499 бүртгэгдсэнээс 1227 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаагын 547 нь нийслэлд, 680 орон нутагт гарсан байна. Харамсалтай нь 320 гаруй хүний амь нас хохирч 1004 хүн хүнд, хөнгөн, хүндэвтэр зэргийн хохирол учирсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 115 хүний амь нас эрсэдсэн. Харин 512 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 11 нь амиа алдсан гэсэн харамсалтай мэдээлэл гарсан.
-Осол гарч буй зонхилох шалтгаан нь юу вэ?
-Осол хэрэг болж буй гол шалтгаан нь орон нутгийн замд жолооч хурд хэтрүүлэх, зорчигчдод хамгаалалтын бүс хэрэглүүлдэггүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй нийтлэг тохиодол бий.