ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татсан хэргээ хаалгах санал гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-29

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан Төрийн ордон Олон улсын автораллигийн уралдааны тухай хуралдаанд суухаар ороод, гурван давхрын гонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийн үхлийн шалтгаан өнөө хэр тодорхой болоогүй бөгөөд эрүүл мэндийн шалтгаан байсан уу, эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү, мөн түүнийг санаатайгаар хөнөөсөн үү гэдгийг ч хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй.

Талийгаачийн төрсөн дүү болон гэр бүлийнхэн нь хэргийн үнэн мөнийг олох хүртэл ард түмэнтэйгээ хамт жагсахаас өөр аргагүй боллоо хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан, талийгаачтай хамгийн сүүлд уулзсан гэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн нэр бүхий мэдээллийн сайт болон соошл хуудсаар тарж эхэлсэн.

Тэгвэл энэ мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үгүйсгэж, хэрэгт холбогдолгүй, үнэн зөв мэдээлэл өгсөн учраас яллагдагчаар татсан гэх мэдээллээ татахыг хүсчээ. Түүний Мөрдөн байцаах албаны Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд гаргасан хүсэлт нь өнөөдөр соошл орчинд ил болов. Тус хүсэлтэд “Н.Номтойбаяр миний бие Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт холбогдуулан гурван удаа мэдүүлэг өгсөн.

Гэтэл аравдугаар сарын 31-ны өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж, “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаачийг архи уугаагүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-д заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй” гэлээ...

....Надад талийгаачийг архи уусныг үлээлгэж тогтоох драгер байгаагүй. Цусны шинжилгээ хийх лабораторийн төхөөрөмж байхгүй бөгөөд амыг нь үнэртэх боломж байгаагүй. Талийгаач манай өрөөнд архи уугаагүй. Иймд зориуд худал мэдүүлсэн хэмээн намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргаж байна” хэмээжээ. Мөн энэ мэдээллийг анхлан олон нийтэд цацсан нэр бүхий сайтууд болон соошл хаягуудыг анхаарах ёстойг мөн сануулж, гарын үсгээ зуржээ.