Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр энэ сарын /11.01/ эхэнд олон улсын хуралд оролцохоор Индонези улсыг зорьж байхдаа БНСУ-ын “KAL” нислэгийн үйлчлэгч бүсгүйн өгзөгнөөс базаж, бэлгийн дарамт учруулсан гэх хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татсан.
Хэдийгээр Д.Одбаяр “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас юу ч санахгүй байна” хэмээн мэдүүлсэн ч түүнд 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, эх оронд нь буцаасан билээ. Үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан атлаа “Би халдашгүй дархан эрхтэй” хэмээн шалгуулахаас татгалзсан гэх асуудал ч үүсч байлаа.
Тэгвэл Д.Одбаяр эх орондоо ирсэн даруйдаа Цэцийн даргын албан тушаалаасаа буух хүсэлтээ энэ сарын 18-нд гаргаж, түүний хүсэлтийг 22-ны өдөр хэлэлцэж, чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Гэсэн ч даргын суудлаасаа буусан ч Цэцийн гишүүн гэдгээрээ үлдсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байв.
Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дараагийн даргын асуудлыг хэлэлцэх байсан ч нэр бүхий гишүүд нь ирээгүй учраас хуралдааныг хойшлуулжээ. Дараагийн хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 02-ны өдөр товлосон байна. Цэцийн даргад ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго, Н.Чинбат нар өрсөлдөж байгаа билээ.