УИХ-ын гишүүн Д.Ганболдыг намын дүрэм зөрчсөн хэмээн МАН-ын Бага хурлын гишүүнээс хассан гэх мэдээлэл буй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганболдтой таван үг солилоо.
-МАН-ын хяналтын хороо хуралдаж таныг МАН-ын Бага хурлын гишүүнээс хассан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Намайг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх эсэхийг Бага хурал л шийддэг юм. Түүнээс биш хэн нэг улстөржсөн бүлэг этгээдүүд хүслээ гээд хасчихдаг юм огт биш. Эцсийн шийдвэрийг Бага хурлаар хэлэлцэж байж шийднэ.
-Тэгэхээр одоогоор Бага хурлын гишүүнээс хасаагүй байгаа гэж ойлгож болох уу?
-Чамайг хаслаа гэж надад мэдэгдсэн юм алга.
-Намын дүрмийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн намын хорооны нэр бүхий гишүүд өргөдөл гаргасан гэсэн?
-Ялсан намын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжих нэг хэсэг байхад, эсэргүүцэх хэсэг байдаг. Үүний нэг гэж ойлго. Цэвэр улс төрийн зорилготой л асуудал явж байгаа болохоос биш надад дүрэм журам зөрчсөн асуудал байхгүй. Би сайн ч муу ч сүүлийн 10 гаруй жил энэ дүүргийн намын хороог хариуцан ажиллалаа. Энэ хугацаанд хууль зөрчсөн, намын ёсзүйн дүрэм зөрчсөн нэг ч алдаа гаргаагүй. Юм хийсэн нэгнээ чичилж байгаа бол нам маань нэг талдаа дарангуйлагч боллоо гэж харж байна.
-Та гомдолтой байна уу?
-Гомдоод байх юм алга. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хөөгдсөн ч гомдох зүйл алга.