55 жилийн түүхтэй “Баянгол” зочид буудал олон улсын менежментийн тогтолцоо болох ISO 9001:2015 чанарын стандартыг салбартаа хамгийн анх нэвтрүүлж чадлаа. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, угтах үйлчилгээг боловсронгуй болгох, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд чанарын өндөр түвшинд стандарт нэвтрүүлж байгааг онцолж байв. Чанарын стандартын батламж гардан авах ёслолын ажиллагаанд “Баянгол зочид буудал” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цэндбаяр, Ерөнхий менежер З.Цэрэнчимэг болон бусад ажилчид, хамтран ажилладаг түнш байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Тус компани зочин бүрт чин сэтгэлээсээ үйлчилнэ гэсэн зорилгынхоо хүрээнд ISO стандартыг нэвтрүүлж, чанарын зорилтоо тодорхойлжээ. Шинэ стандартын талаар “Баянгол” зочид буудал ХК-ийн Ерөнхий менежер З.Цэрэнчимэг хэлэхдээ, “Чанарын зорилтыг тодорхойлохдоо зочдоо тав тухтай, эрүүл аюулгүй орчинд, дэвшилтэд шинэ технологийг уламжлалт аргатай хослуулан, чадварлаг мэргэшсэн ажилчидтай чанартай бүтээгдэхүүн хүргэнэ гэсэн зорилтоо хэрэгжүүлэхээр шинэ стандарт нэвтрүүллээ. Энэ хүрээнд зочид буудлаа тохижуулах, тавилгаа шинэчлэх, засвар хийх, рестораны үйл ажиллагааг сайжрууллаа. Мөн зочдын хэрэглээнд зориулж саун, фитнесс төвийн үйлчилгээг шинээр бий болгох зорилт тавьсан. Эдгээр ажилд гурван тэрбум орчим төгрөгийг зарцууллаа. Үүнээс гадна мэргэжилтэй, чадварлаг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх жилийн хүрээнд ажилчдаа сургах, нийгмийн асуудалд нь анхаарах, тэдний ажлын үр дүнг хийж бүтээснээр үнэлэх үнэлгээний аргуудыг хэвшүүлж эхэлсэн. Ийнхүү ISO 9001:2015 чанарын стандартыг нэвтрүүлснээр зочид харилцагчдад чанартай үйлчилгээ хүргэхээр зорьж байна” хэмээлээ.
“Баянгол” зочид буудал ХК чанарын стандартыг нэвтрүүлэхдээ “Алтернатив Ренювэйбл Энержи” ХХК-иас зөвлөх үйлчилгээ авч ажиллажээ. “Алтернатив Ренювэйбл Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Сүнжидмаа стандартын талаар хэлэхдээ “Чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлснээр байгууллагууд хэрэглэгчдээ үргэлж сонсдог, тэдний санал хүсэлт, гомдлыг хүлээн авч маш хурдан, зөвөөр шийдвэрлэдэг байх, тухайн асуудал дахин давтагдахгүй байх боломжийг бий болгоно. Ингэхийн тулд байгууллага дотооддоо өөрсдийн үйл явцыг баримтжуулах, эрсдэл болон бусад үйл ажиллагаанд тохиолдох асуудлыг шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлж чадаж байгаа юм. Энэ нь бусад өрсөлдөгчдөөсөө маш олон давуу талыг бий болгож байна” гэв.
Тус буудал нь нийтдээ 210 гаруй буудлын өрөөтэй. Зарим өрөөгөө сүүлийн үеийн технологи, гал тогооны хэрэгсэл, угаалгын өрөөний хэрэгсэл, классик тавилгаар тохижуулжээ. Үйлчлүүлэгчдэд зориулсан зоогийн газар, ресторан, кофе шоп, саун, жакуз, гоо сайхны салон, маникюр, фитнес, иог, спиннинг ажилладаг аж. Зөвхөн буудлын үйлчлүүлэгчээс гадна бусад хүмүүс ч үйлчлүүлдэгээрээ давуу талтай юм.
Улс орны аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхэд байгаль, дурсгалт газар, өв соёлоос гадна, гадаад дотоодын аялагчдыг хүлээж авах зочид буудал нэн тэргүүний ажил байдаг. Тэгвэл “Баянгол” зочид буудал стандартаа ийнхүү шинэчилж байгаа нь аялал жуулчлалын салбарт хийсэн томоохон алхам гэж ёслолын ажиллагаанд оролцогчид онцолж байлаа. Тухайлбал,
Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр:
-Аялал жуулчлалын салбарт зочлох үйлчилгээний салбар яах аргагүй томоохон байр суурь эзэлнэ. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зүрх нь гэж болох юм. Энэ стандартыг нэвтрүүлж байгаа нь бусад зочид буудал, зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй бусад байгууллагад маш том үлгэр дууриалал боллоо. ISO 9001:2015 стандартыг дэлхийн олон орон өргөн хэрэглэдэг. Сүүлийн үед манай аж ахуйн нэгж, байгууллагууд уг стандартыг нэвтрүүлэхийн төлөө хүчин чармайлттай ажиллаж байна. Зочид буудал өөрөө хамгийн түрүүнд угтах үйлчилгээнээс эхэлдэг. Тэгэхээр зөөгч, үйлчлэгч гэх мэт тав тухыг хангах бүхий л үйлчилгээ цогцоор бүрдэж байж энэ стандартыг хэрэгжүүлж чадах юм. Тиймээс хамтын хүч, хамтын ажил гэж ойлгох хэрэгтэй.
“Нью жуулчин” группын ерөнхийлөгч Ш.Нэргүй:
-Манай байгууллага “Баянгол” зочид буудалтай 30 гаруй жил хамтарч ажилласан. Социализмаас эхлээд ардчилал, зах зээлийн хөгжлийн үед ч хамтарч ажиллаж байна. Монголд ирж буй жуулчдын ихэнхийг нь “Баянгол” зочид буудал хүлээж авдаг. Ялангуяа жуулчдад үйлчлэх туршлагаараа хамгийн тэргүүнд явдаг гэж хувьдаа боддог юм. Энэ амжилтыг гаргасан тус зочид буудлын хамт олонд баяр хүргэе. Цаашид ч манай салбарын хувьд үйлчилгээний чанарын ахиц гаргаж буй хэрэг юм.
Оюутолгой компанийн ахлах мэргэжилтэн Г.Гэрэлмаа:
-Оюутолгой компани 2005 оноос хойш “Баянгол” зочид буудалтай хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд бид гадаад, дотоодын давхардсан тоогоор 20 гаруй мянган зочин, гийчнийг “Баянгол” зочид буудалд байрлуулсан. Оюутолгой компанийн хамгийн чухал соёлын нэг болох аюулгүй ажиллагаа, харилцааны соёлд түншлэн ажилладаг юм. Стандартыг хэрэгжүүлснээр уг үйл ажиллагаа илүү өргөжиж, аюулгүй ажиллагаа, хэрэглэгчийн соёлд илүү амжилт гаргах байх.


