ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын 100 сая, Ардын намын “60 тэрбум” хоёр адилхан “хэрэг”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-10

-Авлигын индексээр 31 байр ухрахад улс төрийн намууд голлох үүрэг гүйцэтгэжээ- 

Өчигдөр авлигын эсрэг олон ул­сын өдөр тохиолоо. Энэ өдрийг то­хиол­­дуулан “Улс төрийн намуу­дын сан­хүү­жил­тийн ил тод байд­лыг хан­гаж, ав­лигын эрсдэлээс сэр­гий­лэх эрх­зүйн орчныг бүрдүүлэх нь” сэ­­дэвт хэлэлцүүлэг болсон юм. Мөн “Транс­пэрэнси интернэшнл” олон ул­сын бай­гуул­лагаас жил бүхэн гарга­даг дэл­хийн улс орнуудын ав­лигын индексийг тодорхойлсон жаг­саал­тад Монгол Улс 2017 оны байд­лаар 103 ду­гаарт жагссан гэх мэдээллийг өгч байна. 

2015 оноос хойш нийтдээ 31 байраар ухарсан гэсэн үг. Үүнд хамгийн их нөлөөлж байгаа асуудал нь улс төрийн намуудын хандив, сонгуулийн санхүүжилт гэдгийг судалгааны дүн харуулсан хэмээн албаны эх сурвалж онцоллоо. Өөрөөр хэлбэл, төр ээлжлэн барьж буй МАН, АН гэсэн улс төрийн хоёр том нам сүүлийн гурван жилд нэг ч удаа санхүүгийн тайлангаа өгөөгүй бөгөөд Улс төрийн намуудын тухай хуульд заасан “Улс төрийн намууд санхүүгийн тайлангаа ил тод байлгана” гэсэн заалт огтхон ч хэрэгждэггүй аж. “Хүртээмжтэй хөгжил” ТББ-ын тэргүүн Н.Туяа энэ талаар ярихдаа “Улс төрийн намууд өнөөдөр хуулиараа гишүүдийн татвар болон парлементад суудалтай бол суудлын тоогоор улсаас мөнгө авч санхүүждэг.

Өөр ямар нэгэн санхүүжилт байхгүй. Сонгуулийн санхүүжилт ч гэсэн нэр дэвшигчийн хувийнх нь санхүү, хөрөнгө мөнгөн дээр тогтож байгаа учраас улс төрд орохоороо зарцуулсан мөнгөө буцаан олж авах зэрэг бохир тойрог руу ордог. Үүний уршгаар улс төрд мөнгөтэй хүмүүс л гарч ирдэг болсон.

Бидний зүгээс улс төрийн намын санхүүжилтэд судалгаа хийж үзэхэд маш эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарсан” хэмээв. Үндэсний аудитын газар болон Төрийн бус байгууллагууд жил бүхэн л намуудыг санхүүжилтээ ил тод болгохыг шаарддаг ч бодит амьдралд хэрэгжсэн зүйл огт алга.

Тухайлбал, парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намууд “Авлигын эсрэг шилэн нам” түншлэлд бүгд нэгдэж, гарын үсэг зурсан атлаа санхүүжилтээ ил тод болгох талаар хуруугаа ч хөдөлгөөгүй гэдгийг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа хэлж байна. Угтаа жил бүхэн л бүх шатны сонгуульд зарцуулах улсын төсвийн мөнгө нэмэгдэж байгаа ч сонгуулийн зардлын мөнгө буурдаггүй, санхүүжилтээ үнэн зөвөөр мэдүүлдэггүй зөрчил хэвээр байна. Энэ талаар санаачилга гаргаж, гарын үсгээ зурдаг ч зөвхөн цаасан дээрх амлалт төдий явж иржээ.

Тиймээс УИХ-аар яг одоо хэлэлцэж буй Сонгуулийн хууль болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барих гэж буй Улс төрийн намын тухай хуульд энэ асуудлыг тусгах ёстой хэмээн санал гаргасан юм, тэд. Гэвч өмнөх хуульд ч байгаа заалтыг шинэ хуульд өөрчилж тусгалаа ч хэрэгжүүлнэ гэсэн итгэл найдвар алга байна. Тэр ч байтугай хуульд хүлээлгэх хариуцлага гэж байхгүй учраас Үндсэн хуульдаа хүртэл үндэсний хэмжээний намуудыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн заалт оруулаад амжлаа.

Ингэснээр цаашдаа ч намууд авлигаа нуудаг, албан тушаал, нэр дэвшигчийн квотоо мөнгөөр үнэлдэг, төрөөс санхүүждэг хэвээр байх нь ээ. Улс төрийн намууд хүссэнээрээ квот тогтоож, төрийн албан тушаалыг шат дамжлага бүрт үнэлдэг болсон хамгийн тод жишээ бол Ардын намын “60 тэрбум”-ын схем.

Мөн Ардчилсан намын дотоод дүрмээрээ бий болгосон 100, 60 сая төгрөг намдаа хандивлах асуудал. Харин Ардчилсан нам түүнийгээ “Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байх ёстой. Бид санхүүжилтээ ил тод болголоо. Хуулийн хүрээнд хийсэн зүйл” хэмээн тайлбарласан. Тэр ч байтугай АН-ын дарга нь “100 найзтай биш бол улс төрд орж юугаа хийдэг юм” хэмээн загнасан удаатай.

Тэгвэл АН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг болох, ЕТГ-ын дарга З.Энхболд өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Бүх намын санхүүжилт ил тод байх ёстой. Ардчилсан нам түрүүлж ил болгосноороо шүүмжлэл хүлээлээ. 76 хүн бүгд бие дааж явж байгаад гарчихдаг сонгууль байхгүй. Нийтлэг сурталчилгааг явуулахын тулд зардал гарах ёстой. АН түүнийгээ олигархуудаас авахгүй байхаар шийдсэн. Харин нэр дэвшиж байгаа хүмүүст үүрүүлэхээр шийдсэн байна лээ. Энэ нь бодлогын хувьд зөв.  Хувиасаа өг гэсэн үг биш. Би нэр дэвшье гэж бодож байгаа бол “Энхболдыг УИХ-ын гишүүн болгоё гэж дэмжиж байгаа бол АН-д 100 сая төгрөгийн хандив өгнө үү, арванхоёрдугаар сарын 15-аас өмнө 40 сая төгрөгийн хандив өгнө үү” гэх хандивын арга хэмжээ явуулна гэсэн үг.

Таньдаг компаниуд руугаа утасдана. Улс төрийн намын тухай хуулиар дээд тал нь компани 10 саяыг, хувь хүн нэг сая төгрөгийн хандив өгнө. Нэг сая төгрөг өгөх 40 найз, эсвэл 10 сая төгрөг өгөх дөрвөн компани олох хэрэгтэй” хэмээн ярьсан байх юм. Өөрөөр хэлбэл, Ардын нам, МАХН, Иргэний зориг, ногоон нам зэрэг бусад намууд сонгуулийн зардлаа хэрхэн цуглуулж байгааг шаардах ёстой гэлээ. Улс төрийн намын тухай хууль яаж батлагдахаас шалтгаалж, Ардчилсан намын хандивын асуудал өөрчлөгдөж мэдэх ч энэ сарын 15-наас өмнө нэр дэвшигч нар квотоо баталгаажуулах нь тодорхой. 100 болон 60 сая төгрөгийн хандиваа намын дансанд байршуулсан нэр дэвшигчдийн дунд тойргийн хуваарилалт явна.

Сонгуулийн хууль Ардын намаас өргөн барьсан хувилбараар батлагдсан байлаа ч 100 сая төгрөгийн хандив өөрчлөгдөхгүй нь тодорхой юм. Тэгвэл улс төрийн бусад намууд хандиваа хэрхэн босгох, квотоо ил тод үнэлэх үү, Ардчилсан намын энэхүү шийдвэр намын санхүүжилтээ ил болгож буй хувилбар мөн үү гэдгийг сонсохоор хэд, хэдэн нам Ерөнхий нарийн бичгийн дарга нарын байр суурийг сонслоо. 

Д.Амарбаясгалан: Санхүүжилт ил болсноор улс төрд гэгээ татна 

/МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 

-Түүнээс энэ асуултад хариулт авахаар холбогдсон ч “хариулт өгсөнгүй”. Гэвч, намынхаа 98 жилийн ой, Эх орончдын өдрийн хуралд хэлсэн үгэндээ “МАН-ын шинэчлэлийн нэгэн асуудал бол санхүүжилтийн асуудал юм. Намууд иргэд, олон нийтийн өмнө хариуцлагатай, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс ангид байж улс орныхоо хөгжлийн бодлогыг боловсруулагч, иргэд олон нийтийн эрх ашгийг хамгаалагч болж чадна. Өнөөгийн улс төрийн мухардал байдал будлиан зөрчлийн нэг том асууддлыг Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулиар шийдэх ёстой. Үүнийг шинэчлэх нь МАН-ын түүхэн үүрэг юм. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн асуудалд онцгой анхаарч, дотоод хяналтыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Мөн бусад намуудтай ч хамтран ажиллаж байна. Улс төрийн намууд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэг болсноор улс төрд гэгээ орно гэж итгэж байгаа” хэмээн ярьж байсныг эргэн сануулъя. 

Б.Тулга: 60 тэрбум, 100 сая хоёр нэг тэрэгний хоёр дугуй 

/МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 

-Бидний зүгээс улс төрийн намын санхүүжилтийн асууд­лыг байнга ярьдаг. Төрийг зохион байгуулж байгаа субьектийн санхүүжилт ил тод, тэр тусмаа төсвөөс байх ёстой. Үүнийг шийдээгүйгээс болж, өнөөдөр явж байгаа системийн алдаанаас үүдэн төр мөнгөтэй хүн, мөнгөтэй намын халаасанд ордог. Нэр дэвшигчид нь мөнгө төлдөг учраас нөлөө нь ордог. Мөн аль нэг намын нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө татах байдлаар явж байгаа учраас эргээд барьцаанд орно. Угтаа, төрийг удирдаж байгаа улс төрийн намууд руу эрдэмтэн судлаач, эх орончид бус эсрэгээрээ мөнгөтэй бизнесмэн, тэдний гар хөл орж байна шүү дээ. Хамгийн их мөнгөтэй нь орж, мундаг чадвартай нь орж чадахгүй. Мөн эмэгтэйчүүдийн боломжийг хаалаа. Зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж авахын тулд авлига авдаг, албан тушаалыг наймаалцдаг боллоо. 60 тэрбумын схемийг Ардчилсан нам муулдаг, үүгээр улс төр хийдэг. Гэтэл өнөөдөр тус нам нэр дэвшигчдээсээ 100, 60 сая төгрөг авна гэдгээ ил тод зарлачихлаа. “60 тэрбум”-ын схем, АН-ын 100, 60 сая бол нэг тэрэгний хоёр дугуй. Улаан цайм төрийг худалдаж авч байна. Агуулгын хувьд яг адилхан. Манай нам гишүүд дэмжигчдээсээ хандив авдаг. 2017 оны сонгуулиар ч нийт ард түмнээсээ хандив гуйж, сонгуульд оролцох эсэхээ шийдэж байсан. Тэр зарчмаа хадгална. Санхүүжилт босгохын тулд мэдээж тодорхой хэмжээнд нэр дэвшигчид хандиваа өгөх байх. Гэхдээ хуульд нийцүүлнэ. Дэвших эсэх нь ч тодорхойгүй байхад бодлогын хувьд нэр дэвшигчдээ унагахгүй. Сонгуулийн хууль ч тодорхой бус байна. Мөрдөгдөж байгаа хуулиар хандив өгөхийг уриалдаг. 

С.Батбаатар: Тойргоо мөнгөөр үнэлэхгүй 

/Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 

-Манай нам маш олон жил парла­ментад суудалтай улс төрийн хүчин байсан. Бидний хувьд хэзээ ч намын­хаа суудлыг мөнгөөр үнэлж бай­гаагүй. АН, МАН хоёр шиг тойргоо мөн­гөөр үнэлж байсан тохиолдол байхгүй. Энэ удаад ч үнэлэхгүй. Сонгуульд зориулах зардлаа Улс төрийн зөвлөлийн гишүүдийнхээ татвараас гаргадаг. Харин нэр дэвшигчид сонгуульд зарцуулах төсвөө өөрөө гаргадаг байдлаар явж ирсэн. 

 

 

Д.Гантулга: 100 сая бол хэтэрхий өндөр мөнгөн дүн 

/ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 

-100 сая гэдэг бол маш өндөр тоо. Манай намын хувьд мэдээж санхүүжилт босгох шаардлага гарна. Гэхдээ энэ мөнгөн дүн бол хэтэрхий өндөр шүү дээ. Тэгээд ч Сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдаагүй байна. Батлагдсаны дараа л асуудлаа ярина даа.