ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэрүүлээр биш инээмсэглэлээр биеэ чим бүсгүйчүүд ээ

А.ОДСҮРЭН
2019-12-12

Нэг удаа яалт ч үгүй хэрэлдмээр явдал тохиолдсон.  Хажууд хүмүүс байгаад байдаг. Байхгүй бол ганц үг хэлчихмээр байдаг. Яаж ч чаддаггүй. Биеэ барьж, инээмсэглэмэр аядлаа. Нөгөө хүн маань харин “үхсэндээ инээсэн юм, доромжлоод байна уу, үгүй юу” гээд бүр “аслаа”. Хурдхан шиг л холдоод явчихсан. Саяхан нэг бүсгүй автобусанд сууж яваа жижигхэн охиныг өмөөрснөөсөө болж автобусанд сууж явсан эмэгтэйчүүд голдуу хүмүүст элдвээрээ хэлүүлж, доромжлуулсан тухайгаа нүүр номдоо бичсэн байв. Доорхи сэтгэгдлүүд нь мөн л эмэгтэйчүүд хамгийн бүдүүлэг, ааш муутай гэх утгатай. Монгол бүсгүйчүүд маань яагаад ийм болчихов. Амьдралд нухлуулаад гэж л битгий хэлээрэй.

Уур уцаар, хэрүүлийн үгээр биш ухаалаг байдал, инээмсэглэлээр л та ялагч нь болно гэдгийг санаарай.  Бүсгүй хүний гоёл нь инээмсэглэл. Замын хөдөлгөөнд оролцож буй эмэгтэйчүүд бусдад зам тавьж өгдөггүй. Хаалга онгойлгож өгсөн эрчүүддээ баярлалаа гээд хэлчихдэггүй. Эмэгтэйчүүд нэг нэгэндээ бол хэзээ ч найр тавьдаггүй, сайхан ханддаггүй гэж эрчүүдийн ярихыг олонтаа сонсч байлаа. Харин эрчүүд бол арай өөр ханддаг. Тэд ээжийгээ, эгчийгээ, эхнэрээ, охиноо хайрладаг шигээ бүсгүйчүүдээ хайрладаг бас хүндэлдэг. Би эмэгтэй хүн, намайг энэ хүндлэх ёстой, хаалга онгойлгож өгөх ёстой, зам тавьж өгөх ёстой гэж бодож байвал эндүүрэл. “Ёстой” гэдэг дүрэм эрчүүд эмэгтэйчүүдийн дунд байх ёсгүй. Харин хүн ёсны харилцаа, харилцан хүндлэл, ойлголцол, зөв амьдралын хэвшил л гэж бий. Эр хүн уйлдаггүй юм гэж хүүгээ сургадаг шиг охин хүүхэд бусдаар заавал хүндлүүлдэг гэж сургадаг эцэг эх гэж байхгүй л болов уу.  

Албан байгууллагад, гудамжинд, дэлгүүрт, олон нийтийн газарт эмэгтэйчүүд арай л илүү дээрэнгүй, аашлангуй байдаг нь нууц биш. Их хотын соёлын нэг хэмжүүр хотын бүсгүйчүүдийн өнгө төрхөөс гадна үзэмж гоо, ааш зан мөнөөсөө мөн. Ганган машин унаж, үнэтэй гар утас барьж, уруулаа будсанаар та хотын бүсгүй болохгүй. Гэр хороололд амьдарч, худгаас ус зөөж байлаа ч та инээмсэглэж л байвал дэгжин бүсгүйчүүдээс хувь илүү байна гэсэн үг. Автобусанд чихэлдэж, ажилдаа түүртэж, ар гэрийн амьдралдаа сэтгэл дундуур байлаа ч тэр стресс бухимдлаа гэртээ үлдээгээд гарч байгаарай. Таны тэр амьдралд зөрөөд өнгөрөх хэн нэгэн буруугүй юм. Эр хүнээс ялгарах эм араншингаа битгий гээгээрэй, бүсгүйчүүд ээ. Хэрүүлд ялагч гэж байдаггүй юм.  Дуугүй байсан нь ялагч гэдэг. Амьдрал их энгийн. Хэрүүлч хүүхнүүдийг эрчүүд юу гэдэг гээч. Хайр, халамж гэж юу байдгийг мэддэггүй, хүнээр хайрлуулж халамжлуулж үзээгүй гэдэг юм билээ. Ийм үг сонсохгүйн тулд зүгээр л инээмсэглэ.