НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэрийг 79.17 хувийн саналаар цуцлах шийдвэр гаргалаа. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, "Ерөнхий сайдын үг, үүрэг бол төрийн бодлого. Тиймээс түүний багт ажиллаж, хариуцлага хүлээдэг хүний хувьд асуудлыг оруулж ирж байна. Дээд, доод шатандаа ажлаа уялдуулж явах жишгийг тогтоож байгаа юм. Энэ асуудлаар сайн, муу хоёр жишиг ч тогтож байгаа ч сайн нь давамгайлах болов уу. Зориуд зохион байгуулан, асуудлыг мушгин гуйвуулж байгаа нөхдүүдэд хандан хэлэхэд явцуу улс төр хийж, улс төрд хялбархан орох гэсэн сонирхол, сүрдүүлгээс үүдэн оруулж ирсэн асуудал огт биш. Харин Засаг төрийн үүрэг даалгаврыг оруулж ирж байна. Түүнээс биш иргэдийн нэрийг барьж, элдэв янзын зүйл ярьж байгаа залуучуудаас болж оруулж ирээгүй юм" гэдгийн онцоллоо.