Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ оны аравдугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцсон юм. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.