ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Авлигатай тэмцэх газар Ч.Сангарагчаад 43.5 сая төгрөгийн тэтгэмж олгожээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-01

АТГ-ын хоёр дахь дарга Ч.Сангарагчаа 2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Төрийн нууц задруулсан, доод албан тушаалтнаа /Э.Амарбатыг/ тагнаж, чагнаж хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүний /АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн/нэр төрд халдсан” гэх хэргээр буруутгагдаж шүүхээс 2.4 жилийн хорих ял авснаар албан тушаалаасаа огцорч байв.

Ч.Сангарагчаа өөрийг нь гэм буруутайг тогтоосон Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш долоон жил, албан ёсоор тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш мөн долоон жил, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж албан тушаалаа өгснөөс хойш долоон сар өнгөрсний дараа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, АТГ-аас 43.484.199 төгрөг гаргуулан авч байгаа нь тохиолдлын хэрэг биш.

Цагдаа, тагнуул, АТГ зэрэг байгууллагуудад 36 жилийн турш ажилласан, хашир туршлагатай чекист Ч.Сангарагчаа “долоо”-гийн тоонд дуртайдаа “36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж” авах асуудлыг долоон жил хойшлуулаагүй байх.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Өдрийн сонин”-ийн 2017 оны аравдугаар сарын 30-ны дугаарт нийтэлсэн “Коридорын цэвэрлэгээ II” нийтлэлдээ “…“Хуйвалдааны төр” бүхэл бүтэн бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн “Коридор” үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй золиослох шаардлагатай хүмүүсээ тэр коридороороо ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн ялтан, хэрэгтэн болгож байна. Энэ коридор хаанаас эхэлснийг хүмүүс мэдэж байх ёстой. Улс төр судлаачдын бичиж байгаагаар АТГ-ын дарга Ч.Сангарагчааг коридорт очсон анхны хүн гэж үздэг” хэмээн зүгээр ч нэг бичээгүй биз ээ.

АТГ Ч.Сангарагчаагийн тэтгэмжийг үг дуугүй олгосон нь тохиолдлын хэрэг биш

2011 оны аравдугаар сард Ч.Сангарагчаатай хамт, АТГ-ын дэд дарга асан Д.Сундуйсүрэн хамт яллагдаж байлаа. Д.Сундуйсүрэн шүүх надад хилс хэрэг оноосон хэмээн Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж, Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ гаргуулж авах асуудлаар 2014 оноос эхлэн идэвхтэй хөөцөлдсөн байдаг. Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 101/2014/8946/и дугаартай шийдвэрээр “Д.Сундуйсүрэнд 43.5 сая төгрөгийн тэтгэмжийг АТГ-аас олгосугай” гэсэн шийдвэр гаргасан атал АТГ “Д.Сундуйсүрэн манай байгууллагаас тэтгэвэрт гараагүй, тэгээд ч тус мөнгийг манай төсөвт суулгаагүй” хэмээн гөжүүдэлж олгоогүй байдаг юм.

Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/03224 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр “Ч.Сангарагчаад 43.5 сая төгрөгийн тэтгэмж олгосугай” гэх шүүхийн захирамж гарснаас хойш ердөө 12 хоногийн дараа буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд урьдчилгаа 25 сая төгрөгийг Ч.Сангарагчаагийн данс руу АТГ шилжүүлсэн байна.

Ч.Сангарагчаа АТГ-ын даргаар дөрвөн жил ажиллах хугацаандаа ердөө хоёр хүнийг албан тушаалаас нь өөрчилж байжээ. Тэрний нэг нь Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг тушаал бууруулсан шийдвэр байдаг бол, нөгөөх нь Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд өөр албан тушаалд дэвшин ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр байдаг аж. Ч.Сангарагчаа ажил үүрэгтээ туйлын зарчимч, шударга ханддаг, хамт олонтойгоо зөөлөн харьцдаг байсан гэх бөгөөд АТГ-ын ажилтнууд үргэлж сайн сайхнаар дурсан ярьдаг гэх яриа байдаг.

Хоёрдугаарт Ч.Сангарагчааг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Цэвэрлэгээний коридор” руу түлхсэн хүн нь албан тушаалаа өгсөн учраас түүнд олгох тэтгэмжид АТГ гар татаагүй байх.

Ч.Сангарагчаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүрэн эрх дуусахыг хүлээж байсан

АТГ-ын хоёр дахь дарга Ч.Сангарагчааг 2008 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын санал болгосны дагуу УИХ-аас томилж байлаа. Түүнийг томилогдсоноос хойш яг арван сарын дараа Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АТГ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Авлигын мөн чанар руу нэвтэрч чадахгүй байна. Том олгиархиудын ивээлд багтсан “Авлигатай тэмцэх биш авлигатай тэнцэх газар болсон байна”. Иймд удирдлагуудтай нь хариуцлага тооцох учиртай” хэмээн мэдэгдэж байв.

Ерөнхийлөгчийн уг мэдэгдлээс хойш хоёр жилийн дараа АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар “ялтан” болж, бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцорсон юм.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд АТГ Д.Сундуйсүрэнд олгох ёстой тэтгэмжийг элдвийн шалтаг тоочин өгөхгүй байсныг Ч.Сангарагчаа сайн мэдэж байсан. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд шүүхээс 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж тогтоолгох шийдвэр гаргуулах шаардлага байхгүй гэдгийг урьдчилан тооцсон байж таарна. Иймээс ч долоон жил хүлээсэн байх. Д.Сундуйсүрэнд хахир хатуу хандаж байсан АТГ Ц.Элбэгдоржийг халаагаа өгсний дараа Ч.Сангарагчаад туйлын өгөөмөр хандсан нь Ч.Сангарагчаагийн зөв байсан гэдгийг харуулж байна.

АТГ-ын дарга асан Ч.Сангарагчааг “Цэвэр­лэ­гээ­ний кордор” руу түлхэх ажил­лагаа хаанаас хэ­зээ эхэлсэн, хэрхэн хэ­рэгж­сэн талаарх дэл­гэ­рэнгүй нийт­лэ­лийг манай сонин дараа дараагийн дугаартаа сурвалжлан хүргэх болно.