Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга өөрийнхөө нүүр номонд Ерөнхийлөгчтэй холбоотой нэгэн мэдээлэл оруулсан юм. Тодруулбал, эцэг, эх асран хамгаалагч нь нас барсан, эсвэл орхиод явсан гэх шалтгаанаар асрамжийн газарт өсч хүмүүжиж байгаа хүүхдүүдийг Ерөнхийлөгч дэмжиж, тэднийг ажлын байранд зуучлах, төрийн байгууллагуудтай холбож өгөх ажлыг эхлүүлжээ.
Жил бүхэн асрамжийн төвөөс 18 нас хүрсэн 50 орчим хүүхэд гардаг бөгөөд тэндээс гараад л сургуульд орж чадахгүй, эсвэл ажлын байртай болж чадахгүй бол шууд нийгмийн эмзэг бүлгийн давхаргад шилждэг нь худлаа биш. Монгол Улсын хуулиар бол 18 нас хүрсэн бол тэр хүнийг цаашдаа улсын асрамжид хамгаалах боломж байхгүй учраас хүссэн ч эс хүссэн ч "үүрээ" орхиод гарахаас өөр сонголт тэдэнд байхгүй билээ. Тэгвэл энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарал хандуулж, энэ жилээс эхлэн өөрийн санаачилгаар ЕБС төгссөн 12 хүүхдийг ажил, амьдралын гараанд залгуулжээ.
Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс дэмжиж, сургалтын талбар, амьжиргааны зардалд шаардлагатай 60 гаруй сая төгрөгийг шийдэж өгсөн аж. Энэ талаар Г.Уянга зөвлөх бичихдээ “Цаашдаа ч жил бүрийн төгсөгчдөөс ҮБХИС, ХСИС, УБТЗ-ын дээд сургууль, түүний харъяа МСҮТ-д мэргэжил эзэмшихээр ЭЕШ өгч тэнцсэн оюутнуудын бүхий л зардлыг дааж, ажлын байраар хангах үүргийг УБТЗ болон хууль хүчний байгууллагууд хүлээж байхаар болж “Хүүхэд бүр Монголын баялаг” ёслол арга хэмжээн дээр зарлан санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улаанбаатар төмөр замын хамт олны энэхүү гэгээн ажлыг үргэлжлүүлэхийг төр, хувийн хэвшил, иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриалахын сацуу Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил-хамгааллын жил” болгон зарласны дагуу Засгийн газарт чиглэл болгосон олон талт ажлуудыг хэрэгжүүлж эрчимжүүлэхийг Ерөнхийлөгч Засгийн газарт санууллаа” хэмээн жиргэжээ. Тэрбээр, ийм зүйл хийлээ хэмээн хэвлэлд сурталчлахыг хүсээгүй ч олон нийтэд хүргэх нь зөв гэж үзсэн гэдгээ ч мөн хэлж байсан юм.
Манай улсад 3000 гаруй бүтэн өнчин, 33 мянга гаруй хагас өнчин хүүхэд бүртгэгдсэний 1057 нь 31 асрамжийн газар амьдардаг аж. Тиймээс эдгээр хүүхдүүд бол Монголын баялаг гэж Ерөнхийлөгч үзэж:
1. Асрамж халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдээс ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдын их, дээд сургуулийн төлбөрийг 100 хүртэл хувиар хөнгөлөх
2. Тэднийг эхний ээлжинд дотуур байранд хамруулах
3. Эдгээр төвүүдийг төгсөж байгаа хүүхдүүдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах
4. Дээрх төвүүдэд “Бие даан амьдрах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг болох
5. Тэдгээр төвүүдэд ажиллаж байгаа ажилтан, нийгмийн ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэмцэх урамшуулал олгох
6. Төгсөгч хүүхдүүдийг ажилд зуучилж, бие даан амьдрахад нь бодтой дэмжлэг үзүүлэх
7. 18 нас хүрсэн асрамжийн хүүхдүүдийг ажилд авах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг бизнесийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалах
8. Асрамж, халамжийн төвүүд дэргэдээ “Залуучуудын төв”-ийг байгуулж бодлогоор дэмжих, хүүхэд залуусыг бие даан амьдрахад нь туслах зэрэг хэд, хэдэн бодитой санаачлагуудыг дэвшүүлжээ. Энэхүү арга хэмжээ энэ сарын 18-ны өдөр болсон аж.