Булган аймагт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа гишүүдийн хооронд мандатын тооноос болж, маргаан дэгдэн улмаар гар зөрүүлсэн гэх мэдээлэл гарсан билээ. Энэхүү маргаанд голлон оролцсон хүнээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэрлээд буй. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Булган аймагт нэр дэвших гэж байгаа улстөрчид мандатын тооноос болж гар зөрүүлсэн гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Бид талцаж, маргалдаагүй. Үүнд ганцхан асуудал бий. Ер нь Сонгуулийн хуулийн гол зарчим бол тойрог, мандат хуваах шүү дээ. Цаашилбал, ард иргэдэд тэгш сонголтыг хийх боломж бололцоог олгох ёстой. Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган гэсэн дөрвөн аймаг бий.
-Мандатаа хэрхэн хуваах талаар нэг ойлголцолд хүрээгүй учраас маргаан гарсан гэж ойлгож болох уу?
-Шууд тулгаж болохгүй шүү дээ. Булган аймагт зайлшгүй хоёр мандат хэрэгтэй. Нийт 67 мянган сонгогч бий. Тиймээс дээрх аймгуудад тэгш байдлыг хангах ёстой гэж үзэж байгаа.
-Таныг энэ маргааны гол дүр нь гэсэн мэдээлэл байна шүү дээ?
-Зодоон цохиондоо тулсан зүйл байхгүй. Миний нүүр, нүд зүгээр байгаа биз дээ.
-Мандатын маргаан нэлээд ширүүсэж, улсын цолтой бөхчүүдээс дэмжлэг авсан гэх юм?
-Тийм зүйл байхгүй. Мандатын асуудлыг ирэх сарын 1-нээс өмнө шийдэх ёстой.