Улс төрийн шинэ трэнд бол яах аргагүй нулимс. Бүр эрчүүдийн нулимсаар шинэ цагийн улс төрийн түүх үргэлжлэх нь ээ. Тэр дундаа маркетинг, менежмент болон тавилт сайтай асгаруулсан, утгаар нь “сад тавьсан” нулимс эзнээ газардуулахгүй гэдэг нь нотлогдож байх ажээ. Өөрөөр хэлбэл, асгартал уйлсан нулимс “Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэдэг” болсныг анзаарсан биз ээ. Тухайлбал, одоогоос 11 жилийн өмнө буюу 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж өндөр настай ээжийнхээ өвдгийг түшиж, “Ээжээ би эрлийз юм уу” хэмээгээд асгартал уйлсан бичлэг бий. Тухайн үед сонгуулийн сурталчилгаа хаах хугацаа дөхчихсөн, өрсөлдөгч Н.Энхбаяр нь олны дунд нэр хүндтэй байлаа. Аль ч байгууллагын хийсэн судалгаагаар рейтинг өндөр буюу нэгээр жагсаж байсан Н.Энхбаярын дэмжигчдийн тоо огцом буурч, өрсөлдөгчөө хятад гэж доромжилсон түүний болчимгүй үйлдэлд ард түмэн дургүйцэж, “муу дүн” тавьж, ялагдлын тугийг гардуулж байсан билээ. Харин эсрэгээрээ цурхиртал уйлсан Ц.Элбэгдорж болон түүний ээжийг өрөвдсөн олон нийт өмгөөлж, хамгаалаад зогсохгүй шагналд нь Ерөнхийлөгч болгосон түүх бидэнд байгаа. Бид ингэж л анх удаа нулимстай улс төрийн шинэ цагийн тэргүүн ботийг эхлүүлсэн бөгөөд улс даяараа мад тавиулсан гашуун туршлага зөвхөн эндээс эхлэлтэй юм. Гэтэл үнэндээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө “Урд хойд зүгийнх гэж ялгаад яахав дээ. Хүн л юм чинь улсаа бодно шүү дээ” хэмээн хэлж, амны алдаа гаргасан байдаг бөгөөд өрсөлдөгч Н.Энхбаяр нь үүнийг ашиглаж олон нийтэд мэдээлсний дараа түүний хариугаа авах цорын ганц арга нь өндөр настай ээжийгээ уйлуулах байсан гэдэг.
Өмөлзтөл бөмбөрүүлсэн Ц.Элбэгдоржийн өндөр настай ээжийг өрөвдсөндөө монголчууд түүнд итгэл үзүүлж билээ. Түүний дараагаар эрх мэдэлд умбаж, алтан титэм зүүсэн түүний талаар дурдах нь илүүц биз. Харин түүний мартагдсан трэндийг МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян үргэлжлүүлж, МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “хайртайгаа” илэрхийлэхийн зэрэгцээ хамгаалж, өмгөөлж, шүтэж, залбирдгаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн нь олон билээ. Тэрбээр “МАХН-ыг битгий алагчил. Би гуйж байна. Бид яачихсан юм бэ. Юуг буруу хийсэн юм бэ. Би уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ” хэмээж мөн л асгаруулж байлаа. Энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаяр хүнд нөхцөл байдалд байсан бөгөөд түүний үнэнч сэтгэл, өөрийнх нь төлөө асгаруулсан нулимсны үнэ цэнээр өдийг хүртэл дэргэдээ авч явдаг аж. Түүгээр ч зогсохгүй ойрынх нь итгэлт нэгэн болсон бөгөөд намынхаа гол бодлогыг гарт нь атгуулжээ. Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Тост тосон бумбын нуруу болон хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж, олон нийтэд мэдээлэл хийхдээ “сэтгүүлчид худалдагдсан” хэмээж улаан даавуугаар гараа ороочихсон бидний төлөө, эмгэнэж, асгаруулж байсныг санаж байгаа байх. Гэтэл төд удалгүй өөрөө уул уурхайн хөрс хучилтын компанитай нь тодорхой болоод зогсохгүй түүний үйл хэрэг зориудаар хийсэн тэмцэл, тавилттай жүжиг гэдэг нь тодорхой болсон байдаг. Тэгсэн ч түүний асгартал уйлсан нулимсны үнэ цэн өнөөг хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд 2020 онд УИХ-д Өмнөговь аймагт нэр дэвших хүртэл үнэлэмж нь өссөөр байгаа. Цаашид хаа хүрч, хаана төгсөхийг хэн ч таашгүй. Түүнтэй зэрэгцэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Э.Нямдаваа гэх тэмцэгч ““Манай нэг дарга над дээр ирээд, таван сая, гурван сая төгрөг өгье, цуглуулсан хүмүүсээ тараачих” гэсэн. Энэ ямар шившигтэй вэ, би нутгаа орхиж чадахгүй. Би үүнийг тэвчиж чадахгүй. Арай ч дээ, ийм улстөрчид гэж байх уу. Би ичиж байна, залуус аа. Даанч яав даа. Би сохор, доголон болсон ч эх нутгаа худалдахгүй. Би нутагтаа очоод, мөнгө амласан дарга нарыг огцруулна. Олон зуун км-ын цаанаас ямар их ажлаа алдаж, энд ирж байгаа билээ.
Үнэхээр тэвчиж чадахгүй байна. Бидний нутаг руу яагаад шунаад байгаа юм бэ. Зүгээр тайван орхичих л доо” гэж хэлээд цурхиртал уйлсан билээ. Түүний дараагаар уул уурхайд хяналт тавьж, төрийн төмөр нүүрийг харуулснаар олон хөрөнгө оруулалт зогсож, лицензүүдийг цуцалсан юм. Уйлсан хүүгийн хүсэл биелж, харин тавилттай нулимсны золиос болсон аж ахуйн нэгжүүдийн хохирол ар араасаа ундарч байгааг мартах учиргүй. Цаашлаад, энэ талаарх хамгийн ойрын жишээг татахад, тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэр гарч, хуулийн төслийг УИХ-аас батлахад ахмадуудын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэн хэвлэлийн хурал хийж, “бид зээлгүй” хэмээгээд уйлж байлаа. Тэд зээл авахдаа ганцхан сараар авдаг байсан. Харин мөнгө хэрэгтэй яаралтай үед хоёр сараар авдаг хэмээн зээлтэй иргэдтэй барьцахын зэрэгцээ төрөөс ийм болчимгүй шийдвэр гаргасанд дургүйцлээ илэрхийлсэн билээ. Зээлгүй гэж уйлсан ахмадын үг соошл орчинд трэнд болсон ч дарцаг дэрвүүлсэн гишүүдийх нь нэр олонд ил болсноор теле зохиомж түр завсарласан. Сонгууль ч дөхөж байна, цаг ч наашилж байгаа. Нулимстай тэмцлийн гуравдугаар шат байж л байгаа. Магадгүй бичигдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Эцэстээ уйлаад асуудлаа шийддэг байдал салбар салбар руу үсчиж, гэр бүлд хүртэл халдсан байдаг юм. Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийнхээ ээдрээт харилцааг олон нийтэд ил болгож, асгартал уйлаад зовлонгоо тоочиж байсан билээ. Түүнийг өрөвдсөн пост өөд уруугүй бичигдэж, харин эхнэрийг нь элдэвлэсэн сэтгэгдэл тоолохын эцэсгүй урсаж байсан юм. Ерөөс асгартал уйлаад асуудлыг шийддэг юм бол гурван саяулаа “Хэн сайн уйлах вэ тэмцээн” зохион байгуулж, үндэсний ялагчаа тодруулсан ч яахав. Надад бол асгартал уйлахад асуудал алга. Нулимсаараа зуурсан лайв хийвэл ч хийнэ.