Дэлхийн банкнаас өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Монгол Улсын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хязгаарлагдмал байгааг танилцуулж байсан билээ. Манай улсын хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд хүүхэд харах хүнгүйгээс ажил хийх боломжгүй байгаа нь үүний нэг шалтгаан гэдэгт маргах хүн байхгүй. Тэгвэл хүүхдээ хараад гэртээ суудаг олон зуун эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг өчигдөр нээлээ. Уг төвд эсгий урлал, монгол гутал, оёдол, арьсан урлалын сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, улмаар ажлын байртай болох боломжтой юм байна.
Тус төв нь хүүхдэд зориулсан тусгай өрөөтэй тул ээжүүд хүүхдүүдээ ажлын байрандаа авч ирж, санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжтой гэдгээрээ давуу талтай аж. Тус төвийн нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Өмнө нь ийм төвийг Баянхошуунд нээж байсан. Дэлхий нийтээр 40-50 насыг залуу нас гэж үзэж байгаа. Гэтэл манайд 40-өөс дээш нас, тэр дундаа энэ насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хязгаарлагдмал байна. Тиймээс дүүргийн зүгээс төрийн байгууллагууд, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудтай хамтарч, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих талаар анхаарч ажиллаж байгаа юм. Тухайлбал, эсгий олбог, хүүхдийн улавч тэргүүтэй бүтээгдэхүүнийг цэцэрлэгүүдэд хэрэглэж байна. Цаашид ч үндэсний урлал, эко бүтээгдэхүүнээр хангах талаар цэцэрлэгийн удирдлагуудтай хамтарч ажиллана.
Өмнө нь нэлээд хэдэн цэцэрлэгийг “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн бүтээгдэхүүнээр хангаж байсан. Одоо бусад цэцэрлэгүүдэд уриалга гаргаж байгаа. Тухайлбал, эсгийгээр хийсэн улавч болон олбогийг шинээр байгуулагдсан гурван цэцэрлэгийн удирдлагад танилцуулна. Үнийн хувьд зах зээлийн үнэтэй яг адилхан. ОХУ-аас оруулж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнтэй адилхан үнэтэй гэсэн үг. Мөн гадны зочдод эмэгтэйчүүдийнхээ урласан бүтээгдэхүүнийг бэлэглэдэг болох ёстой. Энэ мэтээр дүүргийн зүгээс эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжиж байгаа юм” гэлээ. Зөвхөн цэцэрлэг гэлтгүй бусад аж ахуйн нэгжүүдэд эдгээр бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, ямар бүтээгдэхүүн эрэлттэй байна гэдгийг гаргаж, түүндээ чиглэн үйлдвэрлэлээ явуулах зэрэг зохион байгуулалтыг хийх аж. Эхний ээлжинд дөнгөж эхэлж байгаа өрхийн аж ахуй эрхлэгчдээ дэмжих ёстой” хэмээлээ. “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийнхөн дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.







