ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Наранбаатар: Бага үнээр нүүрсээ нийлүүлснээс болж уурхай зогсох нь

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-15

Эрчим хүчний салбарын удирдлагуудын хууль бус үйлдлээс болж Шарын голын уурхай зогсоход хүрч, 500 гаруй уурхайчин ажилгүй болох эрсдэл үүссэн талаар  өчигдөр уурхайчдын төлөөлөл мэдээлсэн билээ. Энэ талаар “Шарын гол” үйлдвэрчний хороон дарга Л.Наранбаатараас тодрууллаа. 

-Шарын голын уурхай зогсох нөхцөл байдал үүссэн гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Ямар асуудал гарсан юм бэ?

-Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар “Шарын голын” уурхайн тонн нүүрсийг 40500 төгрөгөөр үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал гаргасан байдаг. Гэтэл өнөөдөр тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байгаа. Үүний үр дүнд “Шарын гол” хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө хэд дахин  бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байгаа юм. Олон жил удаа дараа нүүрсний үнийг барьснаас болж 46-47 тэрбум төгрөгийн өр компанид үүсээд байгаа.  Үүний ард “Шарын голын” уурхайн 500 гаруй ажилчны амьдрал бий. Ажилчдын тал хувь буюу 200 гаруй хүний ажлыг зогсоогоод байгаа. Мөн Шарын гол сумын 8000 гаруй иргэдийн амьдрал энэ уурхайтай шууд холбоотой байдаг. Тиймээс бид Эрчим хүчний зохицуулах хороонд албан шаардлага хүргүүлж байгаа юм. 

-Ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-“Шарын гол” ХК-ийн  үйлдвэрчний хорооноос Эрчим хүчний зохицуулах хороонд нүүрсний үнийг нэмэгдүүлэх үндэслэлтэй хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсан ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Үр дүнд нь олон зуун хүн ажилгүй болж, Шарын голын уурхай зогсоход хүрээд байна. Тиймээс нүүсний үнийг хэт багаар тогтоосон шийдвэрээ цуцлахыг шаардаж байгаа юм. 

 

Б.Болор-Эрдэнэ: Шарын голын уурхай бодит, өртөг зардлаа нотолж ирүүлээгүй

 

Шарын голын уурхайн нүүрсний үнийг яагаад нэмэгдүүлэхгүй байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.

-Шарын голын нүүрсний үнийг хэт бага тогтоосноос хүнд байдалд орлоо гэж байна. Танайд удаа дараа хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй юм байна. Шалтгаан нь юу вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Хуульд эрчим хүчний зориулалттай түлшний үнийг тооцох аргачлалыг батлах, түлшний үнийг хянах гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажилладаг. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ёстой. Зохицуулах хороо уурхайн үнийг хянах үйл ажиллагаа явуулдаг. Түлш олборлож байгаа уурхайнуудын үнийг бодит өртөг зардалтай нийцүүлж хянаж байгаа. Шарын голын уурхайн хувьд 2016 онд нэг тонн нүүрсийг 6500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2018, 2019 онуудад дараалан тонн тутмыг нь 2000 төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Гэхдээ үүний цаана хэрэглэгчийн тарифт 2015 оноос хойш өөрчлөлт оруулаагүй байх үед нүүрсний үнийг нэмэгдүүлж, уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах талаар ажиллаж байгаа. Шарын голын уурхайн зүгээс нүүрсний үнийг нэмэгдүүлэх ёстой гэсэн албан бичгийг удаа дараа ирүүлж байгаа хэдий ч аргачлалын дагуу тарифын саналыг нотлох баримтуудын хамт тооцоолж, ирүүлсэн байх ёстой юм. Гэтэл уурхайн зүгээс ирүүлж байгаа шаардлагад үйл ажиллагааны бодит өртөг, зардлыг нотолж ирүүлсэн баримт байхгүй. Уурхайн удирдлагын түвшинд энэ асуудлыг ярилцаад, бодит өртөг зардлыг нотолж ирүүлэх талаар ажиллана. 

-Үнэ тогтоох хууль байдаг уу?

-Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчний зориулалттай түлшний үнийг тооцох аргачлалыг батлах, түлшний үнийг хянах гэсэн заалт бий. Түүнээс биш үнийг тогтоох тухай тусгайлсан хууль байхгүй. 

-Бусад уурхайнуудын нүүрсний үнэ ямар байдаг юм бэ?

-Дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж байгаа дөрвөн уурхай бий. Үүний нэг нь Шарын голын уурхай. Шивээ овоогийн нүүрсний уурхай тонн нүүрсийг 29070 төгрөгөөр нийлүүлж байна. Багануурын нүүрсний уурхай 34500 төгрөгөөр нийлүүлж байна. Харин Шарын голын нүүрсний уурхайн хувьд 40500 төгрөгөөр нүүрсээ нийлүүлж байна. 

-Налайхын уурхайн нүүрсний тонн тутам нь 150 мянга, Таван толгойнх 73 ам.доллар гэж байна. Үүнтэй харьцуулахад 40 мянга гэдэг харьцангуй бага тоо байна шүү дээ?

-Эрчим хүчний нүүрсний үнийг тогтоох аргачлал бол яг бодит өртөг зардалд тулгуурлаж, тонн тутмын үнийг тогтоодог. Аргачлал дотор нүүрсний үнийг индексжүүлэлт, бусад гадаад хүчин зүйлийн нөлөөлөлтэй уялдуулж авч үзнэ гэсэн заалт бий. Цахилгаан дулаан түгээх станцуудын үйл ажиллагааны зардлыг нотолж байж, үнийг нь нэмсэн байдаг. Нөгөө талд хэрэглэгчдийн эрх ашигт шууд нөлөөлдөг учраас бодит өртөг зардалд нийцүүлж, тогтоох ёстой юм.