Энэ сарын 13-ны өдөр 11.00 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багийн нутагт “Аоврору” ХХК буюу жоншны үйлдвэрт ажиллаж байсан 44 настай М-ийн гар утас дэлбэрч, гар нь бугалга орчмоороо тасарсан гэх мэдээлэл цацагдсан билээ.
Хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагчдад тус үйлдвэрийн ажилчид гар утас нь дэлбэрсэн гэх мэдээлэл өгсөн аж. Гэвч, үзлэг шалгалтын явцад үйлдвэрлэлийн осол байж болзошгүй байгаа учраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Аймгийн эрүүл мэндийн төвийн эмч нарын хэлж буйгаар бол өвчтөний зүүн гарыг бугуйгаар нь тайрах маш хүнд мэс заслаас гадна хэвлийн хөндийн мэс засал, нарийн гэдсийг нэг метр хэртэй тайрах мэс засал тус тус хийжээ. Үүнээс гадна элэг хэсэг газраа бяцарсан байсан учраас оёдол тавьж, бүдүүн гэдсийг хөндлөн гадны биет цоолсон байсан учраас авч мөн оёдол тавьсан аж.
Гар утас түүний энгэрийн халаасанд явсан гэх атлаа тухайн иргэний баруун дунд чөмөгний яс хугарсан, гуяны дотор талдаа маш их хэмжээний шархтай, зүүн талын дунд хуруу хугарч шархтай, хэвлий, цээж, толгой нэлэнхүйдээ зулгарсан, урагдсан их хэмжээний шархтай байсан учраас хагалгааг газар дээр нь хийж, гурван цаг орчим зарцуулжээ.