ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Ариунтулга: Л.Наранбаатар надаас 884 сая төгрөг залилаад, 20 сая төгрөгөөр торгуулаад өнгөрлөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-17

 “Нүүрсний” гэх тодотголтой эдийн засагч Л.Наранбаатарын залилангийн хэргийн талаар иргэн М.Ариунтулга өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Л.Наранбаатарт 884 сая төгрөгөө залилуулсан хэмээн мэдээлсэн юм. Энэ талаар иргэн М.Ариунтулгаас тодрууллаа. 

-Л.Наранбаатар таниас их хэмжээний мөнгө залилсан гэж байна. Энэ ямар учиртай мөнгө юм бэ?

-2012 онд Л.Наранбаатар хоёр тусгай зөвшөөрөлтэй миний компанийг зарж өгье гэсэн юм. Найз нөхөд байсан учраас түүнд итгээд компаниа өгсөн. Гэтэл компанийг минь зараад, надад мөнгө өгөхгүй гээд алга болсон. Энэ үеэс эхлэн би хууль, хяналтын байгууллагаар таван жилийн турш явлаа. Үүний эцэст энэ сарын 15-нд буюу Л.Наранбаатар өөрийгөө хонгилоор орлоо, саатуулагдлаа гэх утгатай пост соошлд оруулсан өдөр захирамж гарч, Л.Наранбаатарыг надад 884 сая төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэсэн шийдвэр гарсан юм. Л.Наранбаатар энэ сарын 15-ны өдөр 14:30 цагийн үед “Хонгил руу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ” гэж цахим хуудсаар мэдэгдсэн. Энэ цаг үед Баянгол дүүрэгт эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж, захирамж гарсан юм. Шүүхийн шийдвэрээр Л.Наранбаатарыг М.Ариунтулгыг залилсан хэрэгт гэм буруутайд тооцож, 884 сая төгрөгийг иргэн М.Ариунтулгад төлөх ёстой  гэж шийдвэрлэсэн юм.

-Л.Наранбаатарыг саатуулсан гэдэг нь худлаа гэсэн үг үү?

-Худлаа. Шүүх хурлаас захирамж гарснаас хойш есөн минутын дараа соошлд хонгилоор орлоо гэсэн төмөр торны зурагтай пост оруулсан байсан. Энэ бол үгсэн хуйвалдаж байсан шүүхийн байгууллагынхан түүнд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсанд гоморхож тэдэнд хандсан л үг. Өөрийнхөө халаасанд байдаг хууль хяналтын хүмүүст гомдсон үг. “Би ажлаа хийсэн. Харин та нар ажлаа хийсэнгүй” гэсэн үг шүү дээ. 

-Таны компанийг хэдэн төгрөгөөр, ямар хүнд зарсан юм бэ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан юм уу?

-1.2 тэрбум төгрөгөөр АНУ-ын хөрөнгө оруулалттай “Эй Эйч Жи Металс” гэдэг компанид зарсан байсан. Гэтэл энэ компани нэг тусгай зөвшөөрлийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компанид зарчихсан байгаа юм. Миний компанийг 1.2 тэрбумаар зараад надад 400 саяыг нь өгсөн. Үлдсэнийг нь өгөхгүй гээд алга болсон юм. Энэ хэргийн хуульд заасан санкци нь 20 сая төгрөгөөс тав хүртэлх жилийн хорих ялтай юм байна. Прокурор таван жилээр яллах тогтоол гаргаад оруулж иртэл, шүүгчийн урдаас би энэ мөнгийг өгөхгүй гэж байгаа хүнийг шүүгч 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байгаад сэтгэл дундуур байна. 

-Тусгай зөвшөөрлийг нь худалдаж авсан Хятадын компани нь ямар компани юм бэ?

-Нэрийг нь сайн санахгүй байна. Бас л Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм билээ.

-Таны компанид олгосон тусгай зөвшөөрөл нь хаана ямар чиглэлээр олгосон зөвшөөрөл байсан бэ?

-Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байрлалтай үүсмэл ордод олгосон зөвшөөрөл байсан. 

-Л.Наранбаатарыг та шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа юм уу?

-Нөлөөлсөн. Хамгийн харамсалтай нь есөн жилийн турш намайг дээрэмдэж, залиласны дүнд ердөө 20 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байна. Надад өгөх ёстой мөнгөө таван жил банкинд хадгалахад зөвхөн хүүд нь л гэхэд 400 орчим сая төгрөг авах боломжтой. Жирийн иргэнийг залилснийхаа төлөө үүнийхээ дөнгөж 20 сая төгрөгөөр нь торгуулаад өнгөрч байна. Шүүх байгууллага гэдэг үнэхээр завхарчихсан гэдэг нь эндээс харагдах байх. Шударга бус хүмүүсийг оруулдаг хонгил гэж байхгүй юм байна. Шударга бусын хонгил гэдгээр нь шударга, гэмгүй энгийн иргэн л ордог бололтой юм. Энгийн иргэнээс их хэмжээний мөнгө залилсан хэргийг нь бүтэн таван жил шалгаад, оноож байгаа ял нь Л.Наранбаатарын өдрийн хоолны мөнгө байгаа нь шударга бус байна. Шүүгч “Та энэ мөнгийг өгөх үү” гэж асуухад нь шууд өгөхгүй гэж хариулж байгаа юм. Ийм байхад тэр хүнийг ердөө 20 сая төгрөгөөр торгоод л өнгөрлөө. Тэр 20 сая төгрөгөө яваандаа улсдааа хэд хувааж төлөөрэй гэсэн захирамж гардаг л юм байна. Би маш сэтгэл дундуур байна. 

-Ийм их хэмжээний мөнгөө залилуулсан байж яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй явсан юм бэ?

-Би шүүхийн шийдвэрийг хүлээж, таван жил дуугүй явсан. Өчигдөр шүүхийн шийдвэр гарч, Л.Наранбаатарыг залилангийн хэрэг үйлдсэн болохыг тогтоож, шүүхийн шийдвэр миний талд гарлаа. Л.Наранбаатар гэгч нэр хүндтэй энэ эрхэм үнэн чанартаа ямар хүн бэ гэдгийг л би ард түмэнд сэрэмжлүүлье гэж бодсон юм. Дээрээс нь шүүх байгууллага гэдэг үнэхээр шударга бус, мөнгөтэй хүнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болсон юм байна гэдгийг хэлэх гэсэн юм. Удахгүй би бүх баримт материалыг цуглуулж байгаад дахин хэвлэлийн хурал хийнэ. Энэ үеэр хуулийн байгууллагынхныг мөнгөтэй хүмүүс хэрхэн халаасандаа оруулж, тэд “эздийн”-хээ төлөө хэрхэн ажиллаж байгааг баримттай дэлгэх болно.