ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ягааны гудамж” нээхээр бол яана аа

O.Admin
2020-01-22

Парламентын гишүүний хамгийн “хэцүү” ажил бол хууль боловсруулах. Ядахад яр гэгчээр Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл гэгчийг өнгөрөгч парламентын үед батлахдаа “Нэг хуулийг батлахын тулд хамгийн багадаа 1-2 удаа хэлэлцүүлэг өрнүүлж, мөн судалгааг нэгбүрчлэн хийх, үүнээс гадна гадны улс орнуудын ижил төстэй хуулиудтай жишиж, тэднээс туршлага судалж боловсруулах ёстой” хэмээн тусгаад өгчихсөн. Эндээс үүдээд эрхэм гишүүд нэг хуулийг судлахын тулд нэлээд олон газраар орж туршлага судлах, тухайн хуульд тусгасан асуудлыг нүдээр үзэж, гараар барих шаардлага тулгарчээ. Хоригдлуудын эрх ашгийн тухай хууль хэлэлцэх гэж хорих ангиудаар зөндөө л явсан, манай гишүүд. Хог хаягдлын тухай хууль хэлэлцэхдээ ч Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгээр явж л байлаа. Тамхины хяналтын хууль батлахын тулд манай экс гишүүн хүртэл өөрийн биеэр тамхи татан туршиж байсныг мартаагүй биз дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Австрали улсад казино тоглосон гэх улстөрчдийн асуудал.

Тэдгээр гишүүд огтхон ч тоглоогүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлэхэд бэлэн болсон учраас “ер нь ямар зүйлийн талаар хууль оруулж ирж байгааг мэдье” гэсэн чинхүү хүсэл, мөн төр улсынхаа даалгавар захиасаар казино гэгчээр толгойгоо шургуулаад л гарсан хэмээн ам тангараг өргөлөө. Ийм л сэтгэлтэй байх хэрэгтэй, манайд гишүүд. Ерөөс тэд тоглосон байлаа ч буруутгах аргагүй билээ. Нэгэнт л хуульдаа батлуулахаас өмнө биеэр үзэж, нүдээр харж, гараар барь гэж хуульчилсан учраас яалтай билээ. Юу хэлэлцэж байгаагаа ч мэдэхгүй сууж байснаас бооцоо тавьж үзээд, бүр болоогүй хожоод үзчихвэл юун буруу байх билээ. Дараа нь чуулганы танхимд хэлэх үгтэй, кноп дарахдаа ч гэсэн итгэл үнэмшилтэй болно биз дээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэхэд л нүдээр үзэж, гараар барьсныхаа /бариагүй ч байж магадгүй/ дараа л “Энэ хууль монголчуудад огтхон ч хэрэггүй” гэсэн итгэл үнэмшлээ улам баталгаажуулаад ирсэн гэнэ билээ.

Ийм л үр дүнтэй явсан байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нэг биш нэлээд олон гишүүн төр улсынхаа даалгавраар тив алгасан казиногоор орж хуулийн төслийн судалгаа хийж явжээ гэдгийг мөхөс бид ойлгохгүй улстөрчдийгөө хардаж, сэрдсэн байгаа юм даа. Одоо ганцхан зүйлд санаа зовниж байна. Ийм сэтгэл зүрхтэй улстөрчдөөсөө хэдүүлээ “Биеэ үнэлэлтийг хуульчилж өгөөч” хэмээн гуйж л болдоггүй юм шүү. Энэ тухай яриа хэдийнэ гарчихаад байгаа гэсэн. Монгол Улсад түгээмэл болчихоод байгаа учраас хуулиар хүлээн зөвшөөрч “ягааны гудамж байгуулах тухай” санал ч гарч эхэлсэн гэх. Тэгвэл ёстой баларсан зүйл болно. Нөгөө хэдэн чин сэтгэлтэй улстөрчид маань хуулийн төслөө батлахын тулд гадны улс орнуудын “ягаан” гудамжаар тэнээд алга болчихвол эхнэр, хүүхдэд нь юугаа хэлж, хуйхаа маажих билээ. Тэд маань улс орныхоо төлөө яваад ирлээ гэж гүрийчихвэл тэгээд л дууслаа гэсэн үг. Тиймээс энэ тухай яриаг түрхэн азнах, эс бөгөөс тэр нүдээр үзэж, биеэр турш гэсэн балай зүйл заалтаа авч хаяна байгаа. 

Б.Эрхэс