УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна” хэмээн заасны дагуу тойргийн хуваарилалт тэр дундаа нэг аймаг, дүүрэг хэдэн мандаттай байх тухай асуудал яг одоо улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод байна. Парламентад суудалтай улс төрийн хоёр том нам аль аймагт мандат нэмэх, эсвэл хасах, дүүргийн мандатыг бууруулж хөдөө орон нутаг руу нэмэх үү гэх асуудлаар өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Хуулийн хугацаа дуусахад ердөө долоохон хоног үлдсэн атал хотыг гадуурхаж, хөдөөг илүү үзлээ гэсэн гомдол тунирхал дуусахгүй нь. Тойргоо бүтэн дөрвөн жил тойглочихсон атлаа шинэ хуулиас үүдэж тойрог ч байхгүй болж, бас нэмээд мандатаа алдахыг хүсээгүй улстөрчид дор бүрнээ л улс төрийн акц зохион байгуулж, УИХ-ын даргад хүртэл санал хүргүүлээд байна.
Говьсүмбэрчүүд бие даах сонирхлоо илэрхийлэв
Өнгөрөгч сонгуулиар, өнөөдрийн шинэ хуулиар ч Дорноговь аймгийн хажуу бөөрөнд наалдаж яваа Говьсүмбэр аймаг тусдаа бие даасан тойрог болох санаархлаа илэрхийлж, ард иргэдээсээ санал авчээ. Төсвөө бүрдүүлдэг аймаг атлаа хүн ам цөөн гэсэн шалтгаанаар олон жил хажуу бөөрөнд наалдсан алдааг залруулах ёстой гэсэн иргэдийн гарын үсэг хэдэн арван хуудас болсон бөгөөд УИХ-ын даргад албан бичиг болон иргэдийн гарын үсгийг хүргэх гэнэ. Мөн Улаанбаатар хотдоо хүн амынх нь талаас илүү хувь, нийт сонгогчдын 40 гаруй хувь нь амьдардаг атлаа хотын мандатыг цөөлж, хөдөө орон нутгийн мандатын тоог нэмж байгааг эсэргүүцэх хүмүүс ч гарч ирлээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ гэхэд л энэ сарын 20-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан ёсоор санал хүргүүлсэн бөгөөд хотын мандатыг бууруулах саналаа татаж авахгүй бол улс төрийн тэмцэл хийнэ хэмээн мэдэгдэв. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүн амын тоонд бус газар нутгийн хэмжээнд анхаарч байгаа. Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаагаас харвал Улаанбаатар хотод 38-аас доошгүй мандат ногдохоор байгаа. Хот, хөдөөгийн мандат 38:38 гэсэн тэнцүү байх боломжтой. Гэтэл эрх баригчид хөдөөд тойрог, мандатын тоог нэмэгдүүлэх гэсэн сонирхлоо илт илэрхийлж байгаа.
Эндээс юу харагдаж байна вэ гэвэл нийслэлийн сонгогчдоос эрх баригчид дайжиж, айж байна гэсэн үг. Нийслэлийн иргэд илүү мэдээлэлд ойр, аливаа мэдээлэлд бодитой хандаж чаддаг зэрэг давуу талтай учраас тэд болгоомжилж байгаа” хэмээн ярьжээ. Өнгөрсөн сонгуулиудаар ч дандаа хөдөөгийн мандат их, харин хотын мандат бага байсан гэдгийг ч онцолсон байх аж. Эндээс хоёр л өнцөг харагдаж буй. Нэгдүгээрт, С.Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн эрх баригч нам хотын сонгогчдоос айдаг гэдэг нь үнэнд илүү ойрхон. Нийслэл хотын иргэдийн сонголт ихэвчлэн “цэнхэр” буюу Ардчилсан нам, мөн улс төрийн гуравдагч хүчин, бие даагчид руу хэлбэлздэг. Эсрэгээрээ хөдөө орон нутаг тэр дундаа хүн амын нягтаршил багатай аймгууд дандаа “улаан” буюу Ардын намыг сонгодог нь олон удаагийн сонгуулийн үр дүнгээс харагдаж байгаа билээ. Тухайлбал, Увс, Хэнтий, Өвөрхангай, Говь-Алтай гэсэн аймгууд олон удаагийн сонгуулиар дандаа “улаан”-ыг сонгож байсан учраас эдгээр аймгуудад илүү анхаарал тавьж, мандатын тоог нэмэхээ эрх баригчид тооцоолсон нь тодорхой. Ардын нам ирэх сонгуулиар дахиад олонхи бүрдүүлэх эрх авахын тулд давуу байдлаа ашиглан мандатын хуваарилалт хийж байгаа нь тэр аж. Хоёрдугаарт, хотын мандатыг бууруулахад хамгийн их бухимдаж буй Ардчилсан намын тухайд хөдөө орон нутагт хөлөө бэлтгэж чадаагүй. Тэр дундаа АН-ын дарга С.Эрдэний тойрог хэмээн дархлагдсан Баянголын мандатыг хасчихсан нь түүнд таалагдаагүй хэрэг. Тус нам олонхийн суудалд залрахгүй юм гэхэд хамтарсан засагт орох хэмжээнд суудал “зулгаах” сонирхол бий. Тэгэхийн тулд Ардчилсан намд Улаанбаатар хотын мандат их байх тусмаа л ашигтай. Тэгэхээр, тойргоо булаацалдах эрх ашиг улс төрийн хоёр том намд аль, алинд нь байгааг эндээс харж болно.
Хотын мандатыг 28-аас бууруулж, 23 байхаар боловсруулжээ
Урьдчилж боловсруулсан байдлаас харвал өмнө нь нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар зэрэг аймгууд тус бүртээ хоёр мандаттай болж, харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн мандат тав, Баянгол, Чингэлтэй дүүргийн мандатын тоог гурав болгож цөөлөх хувилбар боловсруулсан аж. Мөн Өвөрхангай, Хөвсгөл аймгийн мандат өмнөхөөсөө нэмэгдэж тус бүртээ дөрөв байх гэнэ. Гэвч энэ нь мөн л маргаан дагуулах сэдэв болсон бөгөөд хэрвээ газар нутгийн хэмжээг харгалзах ёстой бол Сэлэнгэ аймгийн мандатыг ч адилхан дөрөв болгох ёстой хэмээн сөрөг хүчний улстөрчид эсэргүүцсээр байгаа. Гэтэл намын генсек нь нэр дэвших Говь-Алтайд хоёр, намын дарга болон ЗГХЭГ-ын дарга нь очих Хэнтий, Сүхбаатар, МАН-ын бүлгийн дарга нь очих Өвөрхангай аймгийн мандатыг тус, тус нэмэхдээ хотын мандатаас хумсалчихжээ, тэд. Сөрөг хүчний зүгээс тавьж буй хотын мандатыг 28-аар нь хадгалах, эс бөгөөс нэмэх ёстой гэсэн санал хамгийн зөв бөгөөд сонгогчдынх нь талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлийн мандатыг хасч буй нь хэтэрхий хүч түрсэн үйлдэл болж байна. Сонгуулийн хуульдаа хүн амын тоог харгалзаж үзнэ хэмээн заасан атлаа өнөөдөр боловсруулж, өргөн барихаар ярьж буй хувилбарыг харахад газар нутгийн хэмжээнд л илүү ач холбогдол өгснийг бас харж болно. Улаанбаатар хотод суурин амьдарч буй нийт хүн амын тоо хэдийнэ 1.4 сая гарчихлаа. Тойргийн хуваарилалт ёсоор 23 мандатад хүн амынхаа тоог хувааж үзвэл нэг гишүүн 66 мянган иргэнийг төлөөлж, УИХ-д суух нь ээ гэсэн үг. Гэтэл Дундговь аймгийн нэг гишүүн нь дөнгөж 23-хан мянган хүнийг төлөөлж УИХ-д сууна гэдэг бол жинхнээсээ “шог” хуваарилалт болох билээ. Угтаа, Дундговийн хоёр гишүүний хариуцаж байгаа хүмүүс нийлээд ч хотын нэг гишүүний хариуцах хүн амын тоонд хүрэхгүй байгаа юм. Энэ бол хүн амын тоо харсан хуваарилалт огтоос хийгдээгүйг харуулах бэлээхэн жишээ.
Цаашлаад, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Увс, Баянхонгор гэсэн аймгаас гарах гишүүд хамгийн бага буюу нэг гишүүн нь 23-29 мянган иргэний төлөөлөл болон УИХ-д суух нь ээ. Эндээс л нөгөөх Ц.Нямдорж гишүүний О.Баасанхүүг загнасан “Чи дөрөвхөн мянган хүнийг төлөөлж энд суугаа шүү” гэх маргаан улам л хүчтэй өрнөнө гэсэн үг билээ. 66 мянган хүний саналтай улстөрч нь “Чи 23-хан мянган хүний сонголт шүү” хэмээн даналзах нь дамжиггүй юм. Уг нь Ардын нам улсаа боддогсон бол хотын хөгжилд гар бие оролцох улстөрчдийнхөө тоог нэмэгдүүлж, эсрэгээрээ аймаг орон нутгаас 1-2 гишүүн л төрд төлөөлөн суухаар хувилбар оруулж ирж болох байв. Төсвийг талын нэг тарамдахгүй хэмээн хуулиа өөрчилсөн л бол тэр хувилбараа үргэлжлүүлж болох байлаа. Гэвч, дээрх хуваарилалтаас харвал зөвхөн ирэх сонгуулиар хэрхэн олон суудал авах вэ гэдгээ л тэд тооцоолсон байх юм. Ардын нам зөвхөн ялалтын төлөө улайрч буй учраас ялах магадлалтай аймгуудын мандатын тоог нэмж, харин сонгогчдынхоо тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотыг ялгаварлан гадуурхав. Үр дүнд нь тэд хөдөө орон нутгаас илүү олуулаа болон орж ирж, нөгөө л төсвөө хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн засвар руу зөөж, харин хотод нь санхүүжилт нь гацсан хэдэн барилга сарайж, сэрийсээр дахин дөрвөн оныг үдэх нь тодорхой билээ.