ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Архивын баримтуудыг хадам эхийнхээ удирддаг СӨХ-д 15 сая төгрөгөөр хадгалуулжээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-01

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа тус байгууллагыг 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 28 жил удирдаж байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн аль нэг байгууллагыг ийм олон жил тасралтгүй удирдсан тохиолдол үүнээс өөр бараг байхгүй байх.

Тэрбээр он удаан жил Нийслэлийн архивын газрыг удирдан ажиллах хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох болжээ. Тэрбээр өөрийн төрсөн дүү С.Ганцэцэгийн нэр дээр “Архивын хөгжлийн сан” хэмээх ТББ-ыг байгуулж, тус байгууллагаар дамжуулан Нийслэлийн архивын газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад тавилга, эд хогшил, хэвлэгч, хувилагч машин, архив, бичиг хэргийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх болсон байна.

“Архивын хөгжлийн сан” ТББ нь хэдийгээр төрсөн дүүгийнх нь нэр дээр бүртгэлтэй боловч тухайн байгууллагын удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг С.Гаваа өөрөө хөтлөн явуулж ирсэн нь санхүүгийн баримтуудаар нотлогддог юм.

“Архивын хөгжлийн сан” ТББ-ын Худалдаа хөгжлийн банкин дахь данснаас зөвхөн 2016 онд л гэхэд С.Гаваагийн данс руу 14.647.000, АНУ-ын их сургуульд суралцдаг С.Гаваагийн ганц охин Б.Бадмаарагийн данс руу 8.969.400, С.Гаваагийн төрсөн дүү С.Гантулга руу 1.200.000, Нийслэлийн архивын газрын ахлах нягтлан бодогч Б.Цэрмаагийн данс руу 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг.

Ахлах нягтлан бодогч Б.Цэрмаа руугаа 1.000.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утган дээрээ “Ажлын хөлс” хэмээн бичсэн байдаг. Чухам ямар ажил үйлчилгээ үзүүлсэн учраас дээрх төлбөрийг шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа юм.

С.Гаваагийн эрхэлж буй албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан хаагчид тооцогддог. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч нь “аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал”-ыг хавсран эрхлэхийг хориглодог гэдгийг тэр маш сайн мэдэж байх учиртай.

Гэвч тэрбээр төрд өргөсөн тангаргаасаа няцаад зогсохгүй өөрийнхөө хамтран ажиллагсдаа уг хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулж ирсэн байна. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн “Нийслэлийн цахим архив” программ хангамжийг Нийслэлийн архивын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э.Амар-янзага гэх хүнтэй хамтран Нийслэлийн харьяа байгууллагуудад дамлан борлуулсан баримтыг бид өмнөх дугаартаа нийтэлсэн.

Түүнчлэн “Сахилгын шийт­гэл”-тэй ажилтнаа 2017 оны шилдэг ажилтнаар шал­га­руулан 400.000 төгрөгийн урамшуулал олгож, “Нийс­лэ­лийн архивын газрын Мэр­гэжлийн удирдлагын хэлт­сийн дарга Д.Анхбаяр нь мэргэшлээ дээшлүүлэх зорил­­гоор МУИС-ийн ХЗС-ийн Эрх зүйн ангид 3.5 жилийн хугацаатай сурал­цах болсон тул 2.838.000 төг­рө­гийн сургалтын төл­бө­рийн дэмжлэгийг бус­даар гүй­цэт­гүүлэх бараа, үйл­чил­гээ­ний зардлаас гаргасугай” гэх тушаалыг гаргасан байдаг юм.

Төрийн албанд мэргэшсэн албан тушаалтнуудыг хоо­ронд нь өрсөлдүүлж, түүнээс шалгарсан нэгийг нь сонгон томилдог болохоос хэн нэгийг мэргэшүүлэх зорилгоор томилж, татвар төлөгчдийн мөнгөөр дахин сургадаг талбар биш юм.

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг 2015 онд улс оронд эдийн засгийн хямрал нүүр­лэ­сэн­тэй холбогдуулан төсвийн мөнгөөр ажилтан, албан хаагчдаа мэргэшүүлэхийг хориг­лох захирамжийг гар­гаж байсан нь өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.

Мөн С.Гаваа 2016 онд А/35 тоот тушаал гарган УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн саналын хуудас, нэрсийн жагсаалт, бусад удирдлагын баримт бичгийг Сонгинохайрхан дүүргийн нутагт байх “Орбит комплекс”-ийн СӨХ-ны подваль, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутагт орших “Гэрэл төв”-ийн байранд зургаан сарын хугацаатай хадгалсан байдаг. Баттай эх сурвалж, “Орбит комплекс”-ийн байрны СӨХ-ны даргаар С.Гаваагийн хадам ээж ажилладаг,“Гэрэл төв”-ийн эзэмшигч нь С.Гаваагийн нөхөр О.Батбаатарын сайн найз гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа архивын дээрх баримтуудыг хадгалалтын горим, технологийн шаардлага хангахгүй “Орбит комплекс”-ийн байрны СӨХ-ны подвальд нэг сарын 2.500.000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулсан бөгөөд зургаан сарын хугацаанд 15.000.000 төгрөг, “Гэрэл төв”-ийн байрыг сарын 4.100.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулж, зургаан сарын хугацаанд 24.600.000 төгрөг төлсөн байдаг аж.

С.Гаваад улсаас хоёр ч орон сууцыг үнэ төлбөргүйгээр олгосны зэрэгцээ, өвдөх үед нь эмчилгээний зардал хэмээн есөн сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг. Төрд 40 жил үнэнчээр зүтгэсэн хүмүүстээ гар тэнийж байгаагүйгээр түүнд өгөөмөр хандсан байдаг юм. Гэвч тэрбээр төрийн ач ивээлийг ийнхүү хариулж байгаа нь харамсалтай.

“Архивын хөгжлийн сан” ТББ-ын данснаас С.Гаваа болон түүний охины данс руу шилжсэн гүйлгээнүүд

С.Гаваа “Архивын хөгжлийн сан” тбб-ын дансны гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурсан байгаа нь