Нэгдүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.
Харин Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн 13.14 дүгээр заалтад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 420 нэгжээс 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж орсон байжээ.
Мөн Зөрчлийн хуулийн 6.21 буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг хасуулсан талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлж байсан юм. Тэрбээр хуулийн заалтуудыг хасуулахдаа, Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд уг хуулиас “хэвлэл мэдээлэл”, “гүтгэх” гэсэн үг багтсан гэдгийг онцоллоо.
Гэтэл өчигдөр олон нийтийн сүлжээ, твитер хуудсанд Х.Мандахбаярын ажлын хэсэгт хаягласан албан бичиг ил болжээ
Тодруулбал, Эрүүгийн хуульд төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд 13.14 дүгээр заалтад хамаарахгүй гэсэн тайлбарыг хасуулах хүсэлт бүхий албан бичгийг илгээсэн аж.
Энэ асуудлаар твиттер хуудсанд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, “Мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг Эрүүгийн хуулиар айлгаж амыг нь барих улстөрчдийн санаархалыг хаасан хамгийн гол заалт тайлбарыг нь Сэтгүүлчдийн Ерөнхийлөгч нь санал гаргаж хасуулсан байна шүү дээ” хэмээжээ. Түүний хариуд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Энэ Б.Энхбаяр гэдэг хүн мэдэн будилж, хуулийг өөрөөр тайлбарлаж буй нь эмгэнэл. Гүтгэх гэдэг заалт Эрүү болон Зөрчлийн хуулиас хасагдсан. Эсэргүүцсэн. Одоо Хуулийн 13.14-т “Худал мэдээ тараах” гэж зүйлчлэгдсэн. Сэтгүүлчийн эрхзүйн байдал дээрдсэн. Худал мэдээ тараахаа боль” гэжээ.
Харин жиргээч, Бат инженер, “Мандахбаяр гэдэг хүн сэтгүүлчийг шоронжуулахаас сэргийлсэн ганц заалт (тайлбар) байсныг хасуулах санал явуулаад Эрүүгийн хуулиас авхуулчихсан байх юм. Албан тушаалтнууд л сэтгүүлчдийг гүтгэлээ гэж “гомддог”. Үүнийг олон улсын жишигт нь оруулах санал Засгийн газар оруулсан байсыг тэр хасуулжээ” хэмээв.
Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр ямар тайлбар өгөх нь тун ч сонирхолтой байна.
Угтаа бол Х.Мандахбаяр сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах гэж энэ албанд томилогдсон байлтай. Гэтэл түүний энэ үйлдлээс харахад сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй эрх баригчдад үйлчлэх үүрэг хүлээсэн мэт харагдаж байна. Энэ үйлдэлдээ тайлбар хийнэ үү эрхэм, ерөнхийлөгч өө.


